Баянхонгор аймаг, Баянговь сумын Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн хүсэлт ОБЕГ-т ирсэн байна. Энэ тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход иргэн Э /56 настай эмэгтэй/ “Их богд” ууланд нас барсан байжээ. Улмаар цогцсыг 04.29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар мэдээллээ.