УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат энэ өдрүүдэд баруун аймгуудын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжил сэдвээр мэдээлэл өгч, санал солилцож явсан.

Түүний уулзалтыг Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг сонгуулийн байгууллагаас мэдэгдсэн билээ. СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир “УИХ-ын гишүүн, сайд асан Н.Цэрэнбат баруун аймгуудад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцуулж яваа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шууд хэлье. Ирээдүйд хийх ажил, амлалт ярих нь өөрөө буруу хуулиа зөрчиж буй хэрэг. Тэрнээс хийсэн ажлынхаа тайланг танилцуулж яваа бол өөр асуудал" хэмээсэн.

Тэгвэл СЕХ-ны хэлснээр хууль зөрчсөн Н.Цэрэнбат иргэд рүү мессеж илгээсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Ингэхдээ нэр дэвшигчийг тодруулах намын санал асуулгад өөрийгөө дэмжихийг хүсэж, фэйсбүүк рүүгээ нэвтрэн орох линкийг давхар илгээсэн байна.  Тэрбээр ийнхүү дахин хууль зөрчив үү?