Нийслэлийн Соёл, урлагийн газар, БНСУ-ын “World K-pop Center”, “Asian idol” академиас хамтран зохион байгуулсан охидын хамтлаг байгуулах “Click The Star” уралдааны монгол дахь шалгаруулалтын сүүлийн шат өнөөдөр “Хүүхэд залуучуудын театр”-т маш амжилттай болж өнгөрлөө. Сүүлийн шатанд 35 охин шалгарч үлдсэн байснаас шилдэг долоон оролцогч шалгарч БНСУ-г зорихоор боллоо.

Эхний шатны шалгаруулалтад өөрсдийн видеогоо ирүүлсэн оролцогчдоос Солонгос Улсын “World K-pop Center”-ээс 100 оролцогчийг шалгаруулсан бол хагас финалд 35 охин үлдсэн байсныг зургаан баг болгон хамтарсан үзүүлбэрээ “Хүүхэд залуучуудын театр”-т үзэгч, шүүгчдэд үзүүлэн, шилдаг хамтлагаар “Six diamond” хамтлаг шалгарлаа. Мөн бүх оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс өөр өөрсдийнх нь онцлогийг харуулсан шагналыг гардууллаа.

Тэд монголд "Asian Idol academy"-ын солонгос хэл, багийн ажиллагаа, гоо зүй, харилцаа, имидж бүрдүүлэх зэрэг анхан шатны сургалтад хамрагдаад дараа нь БНСУ-ыг зорьж, тэнд “World K-pop center”-ийн мэргэжлийн цогц сургалтад хамрагдаж суралцах юм.

Дэлхийн олон оронд зохиогдож буй энэ уралдаанд Америк, Франц, Герман, Бразил, Испани, Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Малайз, Монгол зэрэг 32 улсын охид оролцож, долоон гишүүнтэй “Bling One” гэх ижил нэртэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой юм.