Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд Хуульчийн шалгалтыг Хуульчдын холбоо зохион байгуулахаар заасан. Одоогоор хуульчийн шалгалтын тов гараагүй, эрх зүйчид хүлээлтийн байдалтай байгаа юм. Тиймээс шалгалтыг хэзээ зохион байгуулах талаар Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны мэргэжилтэн С.Баянмөнхөөс тодрууллаа.

-Хуульчийн сонгон шалгаруулалтыг хэзээ зохион байгуулах гэж байна вэ, Эрх зүйчид маш их хүлээлттэй байх шиг байна?

- Тийм ээ. Үнэхээр хүлээлттэй байгаа нь үнэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөөд нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа учраас хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх эрх зүйчид маань энэ хуулийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон. Тиймээс хуульчийн шалгалтад хамрагдах хүсэлттэй иргэд манай холбоонд хандаж шалгалт хэзээ болох талаар байнга лавлах боллоо. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийн мэргэжлийн шалгалтыг Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо зохион байгуулахаар заасан. Гэхдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Хуульчдын холбоо нь энэ чиг үүргийг 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр зохицуулсан юм. Тиймээс 2014, 2015 онуудад Хуульчдын холбооны Шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь хуульчийн мэргэжлийн шалгалтыг албан ёсоор зарлан зохион байгуулахгүй. Харин зохион байгуулалтад тодорхой хэмжээгээр оролцоно. Иймд 2016 оноос өмнөх хуульчийн мэргэжлийн шалгалтыг Хууль зүйн яамнаас зохион байгуулна гэсэн үг.

-Хууль зүйн яамнаас яагаад шалгалтыг зохион байгуулахгүй удаад байгаа юм бол, Танд тодорхой мэдээлэл байна уу?

-Хууль зүйн яамнаас хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах журам боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрч байгаа. Энэ журам батлагдчихвал хуульчийн шалгалтыг хэзээ зохион байгуулах нь тодорхой болох юм. Журам батлагдах шатандаа явж байгаа болов уу. Энэ талаарх тодорхой мэдээллийг Хууль зүйн яамнаас өгнө.

-Танай хорооноос 2016 он хүртэл хуульчийн шалгалт зохион байгуулахгүй гэлээ. Тэгэхээр одоо ямар ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн үг вэ?

-Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Шүүхийн захиргааны тухай хуулинд заасны дагуу Хуульчдын Холбооны дүрэмд заасан тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчдэд санал гаргах, Шүүгч сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн мэргэшил ур чадварт дүгнэлт гаргах зэрэг ажлуудыг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэж байна. Саяхан буюу зургадугаар сарын 20-ны хурлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хуульчдын холбоонд хүргүүлсэн бүх шатны шүүгч сонгон шалгаруулалтад нэр дэвшигч 259 нэр хүний мэргэшил ур чадварт дүгнэлт гаргах ажиллагааг хийж дүгнэлтийг Хуульчдын холбооны Зөвлөлд хүргүүлсэн. Манай Шалгалтын хорооны хувьд Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр хоёр болон хуульч профессоруудаас долоон төлөөлөл оролцсон  13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.