Монголын загварын ертөнцийн нэрийг дэлхийд бүсгүйчүүд гаргаж явдаг. Тэгвэл сүүлийн хэдэн жил Тайландын загварын ертөнцөд цахиур хагалан яваа эрхэм бол Олон улсын супер модель Б.Билгүйтэй. Түүнийг тайландад суралцахаар очсны дараа нэлээд хэдэн байгууллагаас завгар өмсөгчөөр ажиллахыг санал болгож байсан хэдий ч тухайн үедээ эргэлзэн татгалзаж байсан гэдэг.

Харин усан спортын багш нь гэрэл зургийн студидээ урьж,  гэрэл зургийг нь авчээ. Багш нь авсан зургаа загвар өмсөгчдийн сайтад байршуулаад удаагүй байтал мэргэжлийн хүмүүс холбоо барьснаар анх загварын ертөнцөд хөл тавьсан.

Хамгийн анх "CPS Chaps" хэмээх хувцасны брэндийн шоунд оролцож амжилтын гараагаа эхлүүлжээ. 

Б.Билгүйтэй Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээр төгссөн. Сурлагаараа дээгүүрт бичигддэг, сургуулиа онц дүнтэй төгссөн чадварлаг залуу. Тэрбээр сурч байх хугацаандаа вэб дизайн болон дижитал маркетинг хоёрыг түлхүү сонирхож суралцсан байна. Ангийнхаа 53 оюутнаас дөрөвдүгээр байрт жагсаж, "Honor" хэмээх цол авсан зургаан оюутны нэг болжээ.

 

 

                           

Энэхүү цолыг өмнө нь Бангкокийн их сургуульд суралцаж төгссөн монгол оюутнуудаас нэг л хүн авч байсан удаатай аж.

Мэргэжлээрээ ажлынхаа хажуугаар загвараа орхилгүй тун чадварлаг хослуулан хөдөлмөрч яваа загвар өмсөгч маань хамгийн сүүлд Тайландын гар утасны хамгийн том операторын нүүр царай болсон. 60 гаруй эрэгтэй моделиос шалгарч "True" корпорацийн Samsung Galaxy S5 гар утасны, телевизийн сурталчилгаанд тоглон олны хүртээл болгосон билээ.

 

Түүний нэгэн мөрөөдөл нь кинонд дүр бүтээх гэнэ. Харин тэрбээр мөрөөдлийнхөө үзүүрээс атган богино хэмжээний кинонд тогложээ.

Д.Ана