Улсын баяр наадмыг угтсан орон нутгийн малын худалдаачдад зориулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа захирамж гарган Мал худалдаалах түр цэг байгуулжээ.

Энэхүү захирамжийн дагуу "Мал худалдаалах түр цэг"-ийг энэ оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл Баянзүрх товчоо, “МТ” шатахуун түгээх станцын зүүн хэсэгт байгуулжээ. Тиймээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахгүй байх, малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Өмч, газрын харилцааны хэлтсийн дарга нарт үүрэг болгосон байна.

Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 36 иргэн өдөрт 200-260 мал худалдаалж байгаа аж. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ний Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавьж ажиллах юм.

Х.Даваа