Бүх нийтийн ерөнхий боловсролыг 12 жилийн хугацаанд олгодог тогтолцоонд шилжиж, ЕБС-д элсэх насыг 6 болгосон нь олон улсын боловсролын стандартад дөхөх алхам болсон ч манай нөхцөлд зарим бэрхшээл дагуулж байна. Гэрээсээ хол, бие дааж амьдрах аргагүй балчир хүүхдээ даган эцэг эхийн аль нэг нь суурин газар бараадаж, өрх хуваагддаг нь гэр бүл салахад нөлөөлж байна. Иймд хөдөөгийн малчин өрхийн 6 настай хүүхдэд боловсрол олгох оновчтой хэлбэр, зохион байгуулалт бий болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

1 дүгээр ангийн сургалтыг эцэг эхийн сонголтод суурилан гэр бүлд нь түшиглэсэн хувилбараар явуулах, дотуур байранд суух 6 настай хүүхдийг ахуйн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш, олон чиглэлээр хөгжүүлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тусгай багш ажиллуулах, дотуур байранд тав тух бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар зарлигийн төсөлд тусгасан байна.