/Мэдэгдэл/

Хувийн бизнесийнх нь булхайг илчилсэн вэбсайтыг өөрөө даргыг нь томилдог агентлагаа хөдөлгөж хэдхэн цагийн дотор хааж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халдсан увайгүй үйлдлийг өчигдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргалаа. Утасны цаадах ярианаас өөр ямар ч албан ёсны шаардлага, бичиг цаасгүйгээр нүд ирмэхийн зуурт мэдээллийн хэрэгсэлд халдсан энэ үйлдэл нь Н.Алтанхуягийг Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй хүн гэдгийг нотлох бас нэгэн “хар жишээ” болж байна. Монголын Сайтын Холбооны гишүүн AMJILT.COM сайтыг 2014 оны 7 дугаар сарын 4-ний үдшийн 20 цагийн орчим Харилцаа холбооны Зохицуулах Хорооноос хар жагсаалтад оруулан хааснаараа хууль зөрчин, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хууль бус аргаар бүдүүлгээр халдсан явдал боллоо гэж үзэж Монголын Сайтын Холбооны нийт гишүүн вэбсайтууд эсэргүүцлээ илэрхийлэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Н.Алтанхуяг нь “Хаан жимс” амралтын газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг гэдгээ АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ил тод зарласан байдаг бөгөөд тус амралтын газар Туул гол руу бохир усаа асгаж, байгаль орчинг бохирдуулж байгааг  Монголын Сайтын Холбооны гишүүн, Монгол улсын тэргүүлэх топ сайтын нэг, Монголын анхны вэбсайтуудын нэг, зургаан жилийн түүхэн замналтай AMJILT.COM  сайтын сэтгүүлчид шүүмжлэн, баримт нотолгоотой, гэрэл зураг бүхий сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм. Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайдын компани хууль зөрчиж, байгаль орчин бохирдуулж байгаа үйлдлээ засаж залруулан арга хэмжээ авахынхаа оронд ХХЗХ-г ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, дур зоргоороо авирлахыгаа илүүд үзжээ. Зүй нь дээрх мэдээ мэдээллийн эсрэг гомдолтой байгаа бол гомдлоо ном журмын дагуу гаргаж, шийдүүлэх учиртай. Гэтэл тэрээр ХХЗХ-г вэбсайтуудын “Дээд шүүх” гэж хараад байгаа бололтой юм. Дүрдээ хэт итгэсэн нөгөө “Дээд шүүх” нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд албан бичиг ч өгсөнгүй, ганц удаа утсаар ярьж айлгаад л, “хар авдар”-т хавхийтэл нь дараад авав.

AMJILT.COM  сайтад 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр  “Ерөнхий сайдын Хаан жимс  амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай фото сурвалжлага нийтлэгдсэний дараа ХХЗХ-оос өөрийгөө Алтай гэж танилцуулсан эмэгтэй сайтын редакц руу утсаар ярьж “Энэ мэдээллийг устга, залруулга гарга. Тэгэхгүй бол сайтыг чинь нэг цагийн дотор хаана” хэмээн сүрдүүлж, улмаар хэлсэн үгээ нотлон тус вэбсайтын Монгол дахь дотоод хандалтыг хаасан байна. Энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж, тухайлбал, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Монгол улсын компанийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль зэргийг ноцтойгоор зөрчжээ. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах болон тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн, энэ гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалт бий. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, мэдээлэл олж авах, дамжуулах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд АН-ын дарга МУ-ын Ерөнхий сайд ноцтойгоор халдаж, түүний  хууль бус үйлдлийг хаацайлахын төлөө Харилцаа холбооны зохицуулах хороо сэтгүүлчдийг дарамтлан хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд нь саад хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж байгаад Монголын Сайтын Холбооны гишүүд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. “Монголын Сайтын Холбоо” ТББ энэхүү ноцтой бусармаг үйлдлийг эрс буруушааж, Монгол улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө, иргэн бүрийн мэдэх эрхийг ханган, ард түмэнд бодит мэдээ мэдээллийг түргэн шуурхай, хараат бусаар түгээх үүрэгтээ үнэнч зүтгэж, хэвлэл мэдээллийн салбарын өнөө цагийн түүчээ болж яваа вэбсайтуудынхаа эрх ашгийг хамгаалах байр суурин дээр тууштай зогсож, нэгдмэл байр суурийг барина. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, салбарын бусад холбоодыг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Ард түмнийхээ мэдэх эрхэд бүдүүлгээр халддаг, хувийн эрх ашгаа улсынхаас дээгүүрт тавьдаг, ах дүү хамаатан садан, танил талаа албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөлжиж баяжих, идэж завших боломжийг олгодог гэгддэг Н.Алтанхуягийн хувийн бизнесийн талаар нийтлээд “Монгол Шиндлерийн бүртгэл”-д бүртгэгдсэн Монголын топ сайтын нэг AMJILT.COM вэбсайтын зуу зуун мянган үнэнч хэрэглэгчид та бүхэн ч бидэнтэй нэгдэж мэдэх эрхээ, Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн иргэний суурь эрхээ хамгаалан тэмцэнэ үү?

Монголын Сайтын Холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийгээд түүний гар хөл, хувийн “бие хамгаалагч” шиг нь аашилж авирлаж байгаа ХХЗХ-нд дараах боломжуудаас сонголтоо хийхийг санал болгож байна. Нэгд, “Хаан жимс” амралтын газрын бохир ус Туул гол бузарлаж байгаа булхайг хаацайлан вэбсайтын үйл ажиллагааг хүчээр таслан зогсоосон увайгүй үйлдлээ залруулж, вэбсайтыг нэн даруй “хар жагсаалт”-аас хасч үйл ажиллагааг нь сэргээх боломж та бүхний гарт байна. Удаах нь, ХХЗХ-ны мэргэжилтний хэвлэл мэдээллийн хэрэгслийг айлган сүрдүүлж дарамталсан ярианы бичлэгийг Монголын Сайтын Холбооны гишүүн вэбсайтууд олон нийтэд дэлгэн үзүүлэх тэр агшинд өөрсдийн хийсэн үйлдлээ сэргээн санаж, сонсч мэдэх боломж нээлттэй үлдлээ. Байгуулагдаад 5 жил болж байгаа, вэбсайтуудын орчин дахь хамгийн ууган ТББ болох Монголын Сайтын Холбоо ТББ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шат дараатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллах болно.  

“Монголын Сайтын Холбоо” ТББ-ын жинхэнэ гишүүн 116 вэбсайт

2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот