Төв цэнгэлдэх хүрээлэнд 14,000 ширхэг шинэ сандалыг Хятадаас 270 сая төгрөгөөр худалдан авчээ.

Гэхдээ энэхүү сандлыг нийлүүлэх компанийг тендерээр шалгаруулаагүй гэх мэдээлэл байгаа юм. Гадныхны бизнесийг дэмжиж 270 сая төгрөгийг урд хөрш рүү урсгах шаардлага байсан уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Хэдийгээр тохижилт үйлчилгээ баяр наадмаар чухал боловч 270 сая төгрөгөөр Хятадын эдийн засгийг биш дотоодын компаниа дэмжих боломж мэдээж байсан. Сандлыг хийхдээ цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшдэг хувийн компани мөнгийг гаргах бус харин татвар төлөгчдийн мөнгөнөөс 270 сая төгрөгийг гаргаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Нэг ширхэгийг нь 20,000 төгрөгөөр худалдан авч байгаа сандлын эхнийх нийслэлд чингэлэгээр ирж хэдийнэ суурилуулж эхлээд байгаа. 

Эдийн засаг хүнд байна бүсээ чангалах хэрэгтэй хэмээн дээр доргүй ярьж байгаа хэрнээ Засгийн газар өөрсдөө яагаад импортыг дэмжээд байна вэ? Иргэн Т.Нямдаваагийн 51 хувийн эзэмшилд байдаг Төв цэнгэлдэхэд татвар төлөгчдийн мөнгөнөөс ширхэг бүрийг нь 20 мянган төгрөгөөр авсан сандал чанартай юу, үгүй юу гэдгийг ч ирэх долоо хоногт Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, наадмын комиссынхон очиж шалгах бололтой. Инфляциас үүдсэн нэмэгдэл хэмээн наадмын төсвийг нэмсэн шалтгааныг саяхан тайлбарлаж байсан ч энэ дунд БНХАУ-ын үйлдвэрлэлийг дэмжсэн 270 сая төгрөг багтсан нь ийнхүү ил болж байна.