НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн гурав дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Отгонтөгстэй ярилцлаа.


Сошиал сүлжээнд таны илэрхийлсэн байр суурийг харсан нийгмийн тодорхой хэсэг таныг аль нэг нам эвслээс ангид гэж хардаг. Гэтэл та АН-аас НИТХ-д нэр дэвшихээр боллоо. Яагаад нэр дэвшихээр болов. Тэр дундаа Ардчилсан намаас?

-Би гудамжнаас орилж байгаад авлига албан тушаалын хуулийг өөрчилж үзлээ. Хотын асуудлаар ч дуугарч хэдэн сая үзэлт ч авч үзлээ. Гэхдээ Монгол Улс нам дээр суурилсан засаглалын хэлбэртэй учраас бие дааж нэр дэвшсэн ч ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй. Бие дааж ялсан тохиолдол ч байхгүй. Энэ бол намууд хүмүүсээ багцалж авдаг, намын дарангуйлсан системээс болоод байна шүү дээ. Би BRB-ийн захирал Ж.Энхжаргалан шиг “НӨАТ-ын 10 хувь хэтэрхий их байна” гэж МАН-ыг муулж байснаа тэр намаасаа Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа биш.

Ийм буруу, бурангуй системийн эсрэг АН-аас нэр дэвшиж байгаа ч би намын угшилтай хүн биш. АН болон АН-ын залуус надад санал тавьсан. Түүнээс АН-д ч олон асуудал байгаа. Эхний ээлжинд луйвартаа баригдчихсан энэ хотыг цэгцлэх ёстой. Ногоон автобус, бродюр зэргийг мартах ёсгүй. МАН өнгөрсөн хугацаанд өм цөм идлээ. Сонгууль дөхөхөөр л ажил хийдэг. Тиймээс зураасны эсрэг талд зогсох нь зүйтэй гэж үзэж ийн сонголт хийсэн.

УИХ-ын сонгуулийн үр дүн болон хамтарсан Засгийн газрыг та хэрхэн дүгнэж байна?

-Ийм үзэгдэл байж болохгүй. Хяналт тавих ёстой. АТГ, тагнуул, прокурор гээд бүгд босоо удирдлагатай. Гэтэл УИХ-ын 126 гишүүний дээр Монголын хөх тэнгэр, та бидний сайхан сэтгэл л байна шүү дээ. Тэднээс өөр хяналт тавих субъект байхгүй. Гэтэл сөрөг хүчин эвсчихсэн.

Улсын төсөв, нийслэлийн төсөв тусдаа байдаг. АН-д итгэл алдарсан өөр нэг асуудал бий. МАН өөрсдийн бодлогыг удаан хэрэгжүүлэхийн тулд ХҮН, АН-тай эвсэж байгаа нь засаглалын хувьд огт болохгүй. Нийслэлийн залуус надад санал тавьсан. Би ялсан ч бай, ялагдсан ч бай бродюр, автобусны хулгайчидтай эвсэхгүй гэсэн нөхцөлтэй нэгдсэн.

Нийслэлчүүдийн хувьд ихээхэн хүлээлттэй байгаа метроны төслийг өнөөгийн эрх баригчид хэрэгжүүлж чадах эсэхэд та ямар байр суурьтай байна?

-Манайд метро барих компани байхгүй нь ойлгомжтой. Гэтэл МАН метроны тендерийн зарыг автобусныхаа буудал дээр наачихаад байна. Дэлхийн том том компанийн захирлууд манай автобусны буудал дээр явж байна гэж байх уу. Энэ бол МАН-ын өөрсдийн пиар, суртачлигаа. Метро барилаа гэхэд эрчим хүч нь мөн л асуудалтай байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадал том биш. Бөөрөлжүүт бол хувийнх. Тодорхой хэлбэл Голомтын Д.Баясаглангийх. Хятадын хөрөнгө оруулалттай энэ станц метрог цахилгаанаар хангах чадал нь хүрэлцэхгүй. Хүмүүст дандаа худал мэдээлэл тараадаг. Метро барих гэж байгаа хүмүүс л бродюр солиод байна. Үүнээс гадна метро барих Солонгосын компаниуд ТЭЗҮ-гээ үнэгүй хийж өгдөг. Гэтэл Ардын намын метро барих ТЭЗҮ 80 сая ам.доллар. Хүмүүс үүнийг мэдэхгүй байгаа учраас би гаднаас нь мянга орилох биш, дотор нь ороод шүүсийг нь шахаад өгье гэж бодож байна.

Жил бүр бродюр солиод байгааг олон нийт шүүмжилж байгаа. Та ч бас?

-Бродюр солихдоо ядаж ус зайлуулах хоолой хийдэг бол хамаа алга. Үүнд зарцуулж байгаа жил бүрийн төсвийг харахад Х.Нямбаатарыг Хотын дарга болохоос өмнө 2023 онд 600 сая байсан. Энэ жил 800 сая төгрөг. Бродюр Хятадад 8-10 мянган төгрөгийн хооронд л байгаа. Тендерт ялсан компаниудыг харахад нэг компани л гэхэд гурван тэрбум төгрөгийн тендерт ялсан байна. Үүний цаана нөгөө авлига албан тушаалын хэрэг байна. Ашиг сонирхлын зөрчилдөөн байна. Яагаад ч иргэдээ бодсон шийдвэр биш. Үүнийг шийдэх маш амархан. Манайх шилэн данстай гэдэг ч хэр баргийн хүн ухаж олж чаддаггүй. Тиймээс илүү нээлттэй болгох ёстой. Тендер ч ялсан компани ямар компани юм, дарга нь хэн юм гэхчилэнгээр хийсэн ажлаа тайлагнах ёстой. Олон нийтийн сүлжээнд үүнийгээ байршуулах ёстой. Илүү ил тод байвал иргэд өөрсдөө хяналт тавина.

Хүмүүсийн мэдэхгүй байгаа бас нэг асуудал бол хороод. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд маш олон хороо нэмсэн. Миний амьдарч байгаа Баянзүрх дүүрэг 25 хороотой байхад 43 хороотой болгосон. 18 хороог 10 тэрбум төгрөгийн урсгал зардлаар нэмсэн. Цэцэрлэгийн байргүй хэрнээ хорооны байр нэмдэг. Бодоод үз дээ, шигүү барилгатай “Натур”-т нэг хорооны байр бариад 43, 25 дугаар хороо гээд салгачихсан. Өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар сонгуульд бүртгүүлэхдээ бүртгэлээ тэр хорооны байрнаас биш өөрийнхөө утаснаас авч байгаа. Тэгвэл шинэ хороо бидэнд ямар хэрэгтэй юм. Тэрийг өдөр өнжүүлэх, цэцэрлэг болгоё. Иймэрхүү менежментээр хүртэл түгжрэлийг бууруулах арга байна шүү дээ.

Зарим хүмүүс таныг нэг нам, улстөрчийн захиалгаар жагсаалд оролцдог гэлцдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Авлига, албан тушаалын 22.1 гэсэн лоозон бариад суухаар ажлаа хий болгодог. Сүхбаатар дүүрэгт сандалтай суулт хоёр хоног хийнэ гэсэн зөвшөөрлийн бичиг ч байсан. Гурав дахь өдрөөс нь буу зэвсэг болоод ажлаа хий гэсэн зүйл орж ирсэн. Юмны наад цаадахыг мэддэг хүмүүс үүнийг ойлгоно. Миний амнаас ажлаа хий гэсэн нэг ч үг гараагүй. Уншиж байгаа хүмүүс ч бодох хэрэгтэй. 22.1 гэсэн заалтыг өөрчлүүлэхийг хэн захиалах вэ. 40-хөн сая төгрөгөөр торгодог толгой илсэн энэ хуулийн заалтыг солихын тулд тэр дотроос нэг хү нь намайг захиалаад сууж байх уу. Эцсийн дүндээ 2023 оноос дахиж торгохооргүй болсон. Үүний үр дүн нь аажимдаа гарна. 2018 онд авлига авсан хүнийг 2023 оны хуулиар шийтгээд байж болохгүй. Манайх хуульд захирагддаг улс. Тэрхүү хуулийг засаж залруулаад хөрсийг нь бэлдэж байна гэдэг нийгэм цэвэршиж байна гэсэн үг. Бусдаар би өөр ямар нэгэн жагсаал цуглаанд оролцоогүй. Хулгайчидтай хуулийн мэдлэгийн хүрээнд тэмцэж болдог шүү гэсэн мотивацийг би залууст өгөхийг хүссэн. МАН-ын том сайдуудын хулгайг гаргаж ирж байгаа сөрөг хүчин ч байхгүй байна. АН сая УИХын сонгуулиар зодуулж, зодуулж 44 суудал авсан. Энэ бол том тоо. Гэвч АН толгой “ёоёо”-той болохоор сөрөг хүчин шиг гарч ирж чадсангүй. Нийслэлийн АНын залуус цусаа сэлбэх, шинэчлэл хийх цаг болсон. Энэ их мөнгө, авлигын эсрэг зогсоод өгөөч гэсэн. Би АНаас дэвшихдээ МАН-тай эвсэхгүй гэсэн ганцхан л болзол тавьсан.

Хэрвээ та нийслэлийн төлөөлөгч болвол ямар асуудалд онцгой анхаарч ажиллах вэ?

-“Хүүхдэд ээлтэй хот” гэсэн АН-ын мөрийн хөтөлбөр бий. Миний хувьд хороодын асуудлыг цэгцлэнэ. “Зүүн 4” замыг гүүрэн гарцтай болгоно гэдэг МАН-ын 2016 оны амлалтыг биелүүлэх цаг болсон. Уулзвар гарцаа нэмэх хэрэгтэй. Улаанбаатарыг шилтэй сав гэж үзвэл машин, скүүтер нэмэгдсээр тэрхүү шилтэй сав дүүрээд байна. Ингээд багтаамжаа дийлэхгүй задармагц “скочоор наах” 37 тэрбум төгрөг, шинээр зам тавих 10хан тэрбум төгрөг төсөвлөөд байна. Бидэнд шинэ зам, шинэ гүүр хэрэгтэй. Ядаж л хотын стандарттай барилга хэрэгтэй. Барилгуудыг B 1, 2 давхартаа машины зогсоолтой болгочихвол дэлхийн хотуудтай ижилхэн стандарттай болно. Эрх баригчид гадагшаа явахдаа яагаад энд зогсоол хийсэн юм бол гэж ерөөсөө бодохгүй байна. Бродюрыг авч ирж солихоос өөр юм хийхгүй.

Машин унана гэдэг хүний эрхийн асуудал. Иргэн ажил хөдөлмөр эрхлээд олсон мөнгөөрөө машин авч унамагц тусгай зөвшөөрөл гаргаж долоо хоногийн нэг өдөр нь унуулахгүй байна гэдэг Үндсэн хууль зөрчиж байгаа нэг хэлбэр. Тэгш, сондгой хуваарьт орвол иргэд гурван өдөр машинаа унахгүй. Нийслэл сая 500 мянга гаруй хүн амтай. Бусад хот шиг тэрбумаар тоологдох хүн амгүй. Том хот ч биш. Гэтэл нэг тэрбум хүн амтай хот түгжрэхгүй болоод байна. Тиймээс түгжрэлийг шийдэхгүй бол болохгүй.

Цэцэрлэг сургуульгүй хэрнээ хороо барьж байгаа нь МАН-ын бодлого. Цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдвэл аав ээжийн ажлын бүтээмж нэмэгдэнэ. Үүнийг дагаад амьдралын чанар нь нэмэгдэнэ. Үүнийг эрх баригчид мэдэхгүй тэнгэрийн зүйл яриад байна. Иргэд хөрсөн дээр буулгах хүмүүсээ сонгох хэрэгтэй. Гэр хороололд хүртэл хорооны байр барьж байна. Эмнэлэг байхгүй хэрнээ хорооны хэдэн авгай нарыг тэжээж, улсаас мөнгө гаргах ямар шаардлага байгаа юм. Энэ үйлдлүүдийг зогсоохын тулд сонгуульд өрсөлдөж байна.

Бид өөрсдөө цахилгаан, бензинээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол өөр улс хараад байх шаардлагагүй. Ковидоор хил хаагдахад Хятадаас эдийн засгийн хувьд 100 хувь хараат гэдгээ тод мэдэрлээ шүү дээ. Түүнчлэн дотроо аж үйлдвэр нэмнэ. Аж үйлдвэр хөгжвөл залуус ажилтай болж, тэлж хөгжих боломжтой болно. Тиймээс амьдрах орчныг бүрдүүлж, татвараа бууруулж, замаа тэлж, бодлогоороо аж үйлдвэрээ дэмжих хэрэгтэй. Аж үйлдвэр барьж чадахгүй байж мянга гаднаас ажиллах хүч оруулж ирээд нэмэргүй. Бид хоёр хөршөөсөө хараат байна. Энэ хоёр хаалгаа хаахад тоггүй, бензингүй, хүнсгүй болно. Монголын залуус ажилтай тулдаа зээлтэй, зээлтэй тулдаа бараг оршиж байна. Бид “нар үзэх”-ээс өнгөрсөн. Харин бидний хойч үе үүнээс өөр нийгэмд амьдруулахын тулд бид арай дээр байх ёстой.

-Агаарын бохирдлыг бууруулах үүднээс хагас коксжсон нүүрс туршихаар болсон. Үүнийг та хэр оновчтой бодлого гэж харж байна?

-Хагас коксжулсан нүүрс гэдэг нь нүүрсийг дахин боловсруулж утаа тортгийг нь багасгана гэсэн үг. Нүүрсийг будаа гэж үзвэл түүхий будааг Хятад руу гаргаад Хятадаас агшаасан будаа импортолж байна гэсэн үг. 2012 онд барих байсан хагас коксжсон нүүрсний үйлдвэрийг төсвийг Ч.Хүрэлбаатар идсэн учраас би “орилсон”. Хэрвээ тэр үйлдвэр баригдсан бол тэр олон хүн утаанаас болж үхэх байсан уу.

Бидэнд шахмал түлш гэдэг хор гаргаж өгсөн. Тэрийг нь бүтэн жил түллээ. Энэ өвөл дахиад л түлнэ. Өөр гаргалгаа байхгүй. Эсвэл хагас коксжсон нүүрс Хятадаас авна. Бид ийм л өрөвдөлтэй улс болоод байна. Ч.Хүрэлбаатар хагас коксжсон нүүрсний үйлдвэрийн төсвийг ахынхаа 10 жилийн ангийн хүүхдэд өгөөд идсэн. Түүнийг нь би дэлгэсэн. Хэрвээ би худлаа ярьсан бол өнөөдөр шоронд байх ёстой. Х.Болорчулуун сайд ч намайг удаа дараа шүүхэд дуудсан. Би ялаад л гараад ирсэн. Би хоёр сайдыг хуулийн дагуу ялсан. Энэ олон залууст би үүнийг л ойлгуулах гээд байгаа юм. Залууст ойлгох нэг өдөр ирнэ байх. Нийгэм сайхан болно. Гэрэл гэгээ харагдаж байгаа.

Х.Нямбаатар намайг багаасаа лайв хийсэн гээд байна лээ. Би багадаа Орхон аймагт сагс тоглож байсан. Юун лайв хийх. Х.Нямбаатарын шилэн хүзүү одоо татаж байгаа биз. Учир нь тэр газрын наймааг цэцэглүүлж байна. Болоогүй бүр давраад Богд уулын нийслэлийн тусгай хамгаалалттай газрын удирдлагыг нийслэлийн удирдлагад шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, Богд уул, Зайсанд хаусны газар өгөх гэж Х.Нямбаатар улайрч байна. Яривал олон зүйл бий.

Гэхдээ би МАН шиг өөрийгөө өргөх зүйлийг ерөөсөө ч хийхгүй. Энэ удаагийн сонгууль хулгайч гэмт хэрэгтнээрээ ялгарсан сайхан сонгууль болох гэж байна. Гол нь иргэд ухаалаг л хандах хэрэгтэй.