Энэ жилийн зун хур бороо ихтэй зун болж байна. Зун бороо их орох тусам намар хадлан тариалан арвин хурааж, мал амьтан тарган тавтай байдаг хэмээдэг.

Гэвч нийслэлчүүдийн хувьд эсэргээрээ их борооноос болж гол усанд живж алтан амиа алдах болсон нь харамсалтай. Бороо их хэмжээгээр орж байгаа энэ үед  голын усны түвшин өндөрсөж аюултай байдалд хүрчээ. Нийслэлийн онцгой байдлын газар сүүлийн нэг сард өдөр бүр аврах ажиллагаа хийгдэж байгаа аж. Учир нь цаг агаар дулаарсантай холбоотой иргэд гол бараадан амарч зугаалах нь элбэгшин улмаар анхаарал болгоомжгүй хайхрамжгүй байдлаасаа болж гол усанд эндэж байгаа аж. Тухайлбал уржигдар буюу энэ сарын наймны ганцхан өдөр л гэхэд  Нийслэлийн онцгой байдлын газар дараах аврах ажиллагаанууд хийгдсэн байна.

 

    Налайх дүүргийн 6 дугаар хороо, Хаан жимс жуулчины баазын хойно Туул голд завь нь хөмөрч 2 хүн голд живэх гээд байна гэсэн дуудлагыг 09:04 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг очиход 31 настай эрэгтэй А, 54 настай эрэгтэй Б голд урсаж байсныг иргэд гаргасныг анхны тусламж үзүүлсэн.

 

    Налайх дүүргийн 6 дугаар хороо, Цонжинболдог жуулчны баазын ойролцоо Туул голын усанд автомашин урсаад байна гэсэн дуудлагыг өгснөөр 09:56 цагт Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг очиход “Ланд курузер” загварын суудлын автомашин голд суусан байсныг леботик ашиглан татаж гаргасан.

 

     Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн гүүрний ойролцоо Туул голын усанд автомашин урсаад хүмүүс нь голын сайран дээр гарсан байна гэсэн дуудлагаар 11:40 цагт Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг очиход “Аксент” загварын суудлын автомашин голын усанд урсаж байсныг леботик ашиглан татаж гарган, иргэн 29 настай эмэгтэй М, 25 настай эрэгтэй Б, 30 настай эрэгтэй Б, 30 настай эрэгтэй М, 25 настай эрэгтэй Л нарыг сайран дээрээс завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргасан.

 

    Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн голын усанд автомашин урсаад байна гэсэн дуудлагыг 16:07 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг очиход “Ланд курузер” загварын автомашин голд суусан байсныг леботик ашиглан татаж гаргасан.

 

    Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 20 орчим километр зайтай Зүүн бүрхийн голд автомашин суусан 2 иргэн машин дээрээ гарсан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 15:05 цагт өгснөөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч 1 автомашинтай очиход “Ниссан патроль” загварын суудлын автомашин голд суусан байсныг татаж гарган, 6 иргэнийг аюулгүй газарт байрлуулсан байна.

 

    Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Хар усан тохой “Монгол шилтгээн” амралтын газрын баруун талын хэсэг усанд автсан байна гэсэн дуудлагыг 21:22 цагт өгснөөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч 1 автомашин, 1 ковш машинтай очиж жалганы хаалтыг сэтлэх, усыг зайлуулах арга авч ажилласан.

 

    Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Сайханы саравчны урд Туул голын усанд автомашин урсаад байна гэсэн дуудлагыг 21:32 цагт өгснөөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч 1 автомашинтай очиход “Форд эврэст” загварын суудлын автомашин голд суусан байсныг татаж гаргасан.

 

    Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн Байтаг богд амралтын газрын ойролцоо Туул голын сайран дээр 2 автомашинтай, 6 иргэнтэй байна гол үерлээд живэх гээд гэсэн дуудлагыг 05:37 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад “Toyota chazer”, “subaru” загварын суудлын автомашинтай 6 иргэн голын сайранд байсныг завь ашиглан амь насыг аварч аюулгүй газарт байрлуулсан.

 

    Манайхан зөв боловсоноор амарч зугаалахыг эрмэлзэн байгаль, гол устайгаа ойрхон амардаг ч архины халуунд, хөөрсөн сэтгэлээр юугаар ч үнэлэгдэшгүй алтан амиа зольж байгаа нь тун ч харамсалтай. Эдгээр ослуудын дийлэнх хувь нь гарцгүй хэсгээр гол басч, бардан машинтайгаа гол гаталдагаас машинтайгаа голд урсах, живэх, голд суух зэрэг аюулд орж байгаа юм. Ингээд эд хөрөнгөнөөсөө эхлээд өөрийнхөө болон гэр бүл найз нөхөд, дотны хүмүүсийнхээ амийг ч дэнчилж байгаа юм.

 

    Маргааш монгол тулгатны үндэсний их баяр наадам болох гэж байна. Иргэд баяр наадмаар агаар салхинд гарч амрах нь элбэг байдаг. Энэ үеэр осолтой үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна. Үүнтэй холбогдуулж баярын өдрүүдэд Туул голд завьт эргүүл үүрэг гүйцэтгэхээр болсон байна. Гэвч голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрснийг албаныхан иргэдэд онцгойлон анхааруулж байгаа юм. Ус цаг уур орчны хүрээлэнгээс энэ сарын 9-12-ны өдрүүдэд түр зуурын, дуу цахилгаантай бороотой гэж мэдээллэсэн.

 

    Тиймээс иргэд, олон нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгаж, голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, автомашинаар гол гатлахгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна. Монголчууд бид цөөхүүлээ. Ганц амьдрах амь, амьдарлаа ганцхан ухаангүй үйлдлээр бүү үгүй хийгээрэй.

А.Алтанзул