“Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриатайгаар энэ жилийн PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.

PLAYTIME 2014 наадмын хүрээнд Английн “Peter Hook&The Light” ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд хүрэлцэн ирэх аж.

Мөн Монголын “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, уран бүтээлээ толилуулна. Энэ жилээс эхлэн тус наадамд “Соёл-Эрдэнэ”, “Давлагаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан, дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах юм байна.

Энэхүү наадмын үеэр “REPLAY” буюу хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ.

Тасалбарыг долдугаар сарын 9-ний дотор www.easyticket.mn, Хай-Фай Рекордз салбаруудаар худалдаалж байна.

Тоглолтын талаарх мэдээллийг www.playtime.mn цахим хаягаар цаг тухайд нь авах боломжтой.

Д.Ана