Манай улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 13565 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 772 хэрэг буюу 6.0 хувиар өссөн байна.  Нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг 370, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 455 гэмт хэрэг гарснаас шалгаалсан аж.

Мөн сэжигтэн нь тодорхойгүй байсан 6240 хэргийн 3584 буюу 57.4 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 4.6 пунктээр, нийслэлийн хэмжээнд 3.7 пунктээр нэмэгджээ.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг  1.6 хувиар буурч, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 7.5 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 12.7 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 8.5 хувиар нэмэгдсэн байна. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо улсын дунджаар 2014 оны эхний хагас жилд 71 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 буюу 4.4 хувиар нэмэгдсэн судалгаа гарчээ.

Гэмт хэргийн улмаас 5139 хүн гэмтэж, 502 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 683 буюу 15.3 хувь, нас барсан хүний тоо 7 буюу 1.4 хувиар нэмэгдсэн байна.

Учирсан хохиролын хэмжээ эхний хагас жилд 38.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 7.0 тэрбум төг буюу 15.3 хувиар буурч, харин нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 954.5 сая төг буюу 6.7 хувиар өссөн аж.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо эхний хагас жилд 13172 болж, 840 буюу 6.4 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 5155 буюу 39.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд 2014 оны эхний хагас жилд 64.2 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 8.8 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 2725 буюу 4.4 хувь, баривчлагдсан хүний тоо 671 буюу 8.2 хувиар нэмэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 194 хэрэг буюу 2.2 дахин нэмэгдсэн байна.

Малын хулгайн 732 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 63 хэрэг буюу 9.4 хувиар нэмэгджээ.

 

 

Х.Даваа