Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хаалттай болсон.

Шүүгдэгч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар хэргийг шүүж буй шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлтээ  хоёр дахь удаагаа өнөөдрийн шүүх бүрэлдэхүүнд тавьсан аж. Харин шүүх хурлаас шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авахгүй байх тухай тогтоолыг давж заалдах эрхгүйгээр баталсан тухай өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлсэн юм. Г.Сарангэрэлийн тухайд хар тамхины хэрэгт холбогдсон гэхээсээ илүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” хэмээн бичигдэх болсон. 

Тиймдээ ч нэг хэсэгтээ л олон нийт энэ хэрэгт анхаарлаа хандуулж, их багагүй шуугицгаасан. Гэсэн ч наадмын чимээнд хэсэг намжсан дээрх хэрэг өчигдөр ажил цуглангуут дахин анхаарал татаж эхэллээ. Өчигдрийн шүүх хурлын үеэр Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах үндэслэлүүдээ тайлбарлахдаа “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69.3-т Хүндэвтэр гэмт хэргийн холбогдогчдыг цагдан хорих тухай “69.3.Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэрэгт 4 сараас, хүнд гэмт хэрэгт 12 сараас, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй” гэж заасан. Гэтэл манай үйлчлүүлэгчтэй холбоотой хэргийн холбогдогчдыг заримыг нь 4 сар, заримыг нь 4 сар, 10 хоног хорьсон. Түүнчлэн тус хуулийн 366.4-т насанд хүрээгүй хүүхдийг 2 сараас дээш хугацаагаар хорихгүй байх тухай заалт бий. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг 2 сар, 15 хоног ч хорьсон байх шиг. Ингэж улайм цайм хууль зөрчиж байгаа нь цаанаа өөр ашиг сонирхолтой байж болох талтай. Тиймээс бид ингэж хуулиа баримтлахгүй байгаа шүүгч хэргийг яаж үнэн зөв шийдэх юм бэ гэж үзэж байгаа юм” гэж байв. 

Гэсэн ч түүний энэхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүйгээр барахгүй, давж заалдах эрхгүй тогтоол баталлаа хэмээн өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдсэн. Ингэснээр Г.Сарангэрэл нарт холбогдох хэргийг Б.Мөнх-Эрдэнэ шүүгч шүүлцэх нь тодорхой болсон юм. Ер нь энэ хэрэг улстөржиж, чухам үнэн хаана байгаа нь ээдрээтэй болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр “Би үйлчлүүлэгчтэйгээ хамт хүссэн хүсээгүй хүчээр дарамтлуулсан. Сайдын эсрэг үйл ажиллагаанд бидний хүсэл зоригоос үл хамааран оролцуулсан. Ямар нэгэн субеъктив санаа зорилго байхгүйгээр оролцсон гэж болно” гэсэн байдаг. Тодруулбал, түүн рүү цагдаагийн томоохон албан тушаалтан утасдаж, Г.Батбаяр өмгөөлөгчийн үйлчлүүлэгчээр салбарын сайдынхаа эсрэг мэдүүлэг өгүүлэхийг даалгасан тухай утасны бичлэгийг дэлгэсэн. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу