Налайхад байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цэрэг энэ сарын 12-нд хоёр давхраас унажээ. Унахдаа хүзүүгээ гэмтээж, хүзүүнийх нь сэртэн хугарсан байна.

Түүнийг Госпиталь буюу цэргийн эмнэлэгт хүргэжээ. “Одоогоор ухаан ороогүй байна, бие нь тааруу байгаа” гэж эмч нар хэлж байгаа юм. 014 дүгээр ангийнхан болон хамт цэргийн алба хааж байгаа нөхөд нь түүнийг өөрөө цонхоор ойчсон гэж байгаа ч хэн нэгэн түлхсэн байж болзошгүй талаар эмч нар хэлж буй юм. Учир нь өөрийн анхааралгүй байхад нь түлхсэнээс тэрбээр энэ гэмтлийг авсан байх магадлалтай. Түүнээс хоёр давхрын цонхоор өөрөө унасан хүн ийм хэмжээний бэртэл авах боломжгүй гэж үзэх магадлалтай аж. Эсвэл хэн нэгэн түүнийг зодоод дараа нь цонхоор шидсэн байхыг ч үгүйсгэхгүй юм байна. Юутай ч цагдаагийнхан цэрэг өөрөө цонхоор үсрэв үү, эсвэл хэн нэгэн түлхэв үү гэдгийг шалгаж эхэлжээ.

Хамт алба хааж буй нөхөд нь түүнийг онгорхой байсан цонхоор үсэрсэн гэж мэдээлж буй гэнэ. Энэ сарын 12-ны өдөр цэрэг өглөөний тоондоо орохоос өмнө энэ хэрэг болжээ.

Харин БХЯ-ны Зэвсэгт хүчний жанжин штабынхнаас энэ талаар тодруулах гэсэн боловч “Мэдэхгүй байна. Энэ талаар мэдээл ирээгүй хэмээж буй юм. Гэмтсэн цэрэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат бөгөөд өнгөрсөн хавар цэрэгт татагджээ. Г.НУУР