Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл мэдэгдэл хийж "ХҮН нам тарах ёстой. Дотоод ардчлалгүй болсон. Гишүүдийнхээ үг, үйлдлийг хянаж заадаг болсон" гэж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн ч үүнийхээ дараахан мэдэгдэлээ буцааж, би андуурал гаргаж хэмээж байсан. 

Тэгвэл түүний энэ үйлдэлтэй холбогдуулан БЗД-ийн ХҮН намын хорооноос мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ХҮН намын гишүүдээс УУЧЛАЛ гуйх, Б.Мөнхсоёлд улс төрийн ХАТУУ ХАРИУЦЛАГА хүлээлгэхийг шаардаад байсан билээ. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн гишүүдээсээ уучлал хүсчээ. Тэрбээр

"Юуны өмнө ХҮН нам тарах ёсгүй, харин засаглалаа эрс сайжруулах, гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажиллах цаг нэгэнт болсныг өглөөхөн хэвлэлийнхэн энэ талаар асуухад хэлсэн билээ.

Тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөөр "Хэрэв зээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй, дотоод ардчилалгүй бол ямар ч улстөрийн хүчин тарах ёстой"-г өөрийн нам дээр жишээлэн бухимдсандаа хэлсэн. Энэ үгийг хэлж ХҮН намынхаа жирийн гишүүдийг эмзэглүүлсэндээ харамсаж, уучлал гуйж байна.Олон нийтэд ярьсан эдгээр асуудлыг би УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурал дээр олон удаа хэлж анхааруулж, арга хэмжээ авах тухай, нөхцөл байдлыг сайжруулах талаар санал болгож байсан боловч хүлээж авах зориг болоод хүсэл байсангүй.

Мөн түүнчлэн намд дотоод ардчилалтай байж жирийн гишүүд үг хэлэх, шүүмжлэх, санал бодлоо хуваалцах орон зайгүй байгаа нь нам доторх үл ойлгоцол, зөрчлийг өдөөсөөр ирлээ. ХҮН нам зөвхөн хэдэн дарга нарт үйлчлэх, тэднийг дээшээ гаргах гишгүүр шат байх ёсгүй. Харин ардчилал, ил тод байдал, сайн засаглалыг бий болгон улс эх орны хөгжлийг түүчээлэх улс төрийн хүчин байх ёстой" гэжээ.