УИХ-ын 7 гишүүн “Өөрсөд дээрээ дэд сайд нэмээд, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ…
4 цагийн өмнө
Улс төр хийх амархан. Амархан байлаа. Харин улсыг авч явах хэцүү. Хэцүү бололтой. Хамтарсан Засгийн газрыг онхолдуулж оронд нь гарч ирсэн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт хоёр ч удаа хуралдлаа.
Г.Занданшатарын Засгийн газрын эхний хоёр хуралдаанаас: Бүсээ чангална. Онцгой дэглэм тогтооно гэсэн шийдвэрүүд л гарав.
Сар илүүхний өмнө Монголын Засгийн газар шал өөр юм ярьдаг байжээ. Өнөөдөр харин өөдтэй шийдвэр гарахгүйгээр болсон байна. Юунаас вэ?
Эдийн засаг элгээрээ хэвтэх гэж байна гэсэн ойлголтыг Засгийн газрын сайд нар өнгөрөгч өдрүүдэд маш сайн түгээлээ. Ковидоос хойш дэлхийгээрээ хэцүүдсэн. Тэр дунд яаж аятайхан явах нь тухайн улсаас өөрөөс нь шалтгаалаад удаж байна. Трампын тарифын бодлого 2025 оны эхнээс бүр ч чангалаад байгаа. Монгол Улсын эдийн засгийн хамгийн том түнш Хятадад бодох асуудал гарч ирсэн. Цаашлаад энэ цаг үеийн манай эдийн засагт мөнгө болж орж ирдэг цорын ганц бүтээгдэхүүн болох нүүрсний экспортод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ мэт бол эдийн засагтаа хямгатай бодлоготой байхын наад захын шалтгаан юм Гэсэн хэдий ч нүүрсний үнэ, экспорт хоёр нэг хэмжээнд шахам байсаар ирсэн. Тийм учраас хамтарсан Засгийн газрын үед АН-ын сайд нар голдуу хариуцсан эдийн засаг, уул уурхайн салбар дээр дориухан ажил амжуулсан. Тэр бодлого үргэлжлээд явахад манай жижиг эдийн засаг товхийтэл амьжиргаатайгаа байж хажуугаар нь хэдэн мега төслөө урагшлуулаад явчих боломжтой юм. Гэвчиг АН-тай хамтарсан Засгийн газар огцорсны маргаашаас эхлээд нүүрсний үнэ, экспорт тогтмол урууджээ.
Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл Засгийн газар “Чайна энержи”-гээ тойглоод байхад өнөөдөр яриад байгаа муу ам нь биелэхээргүй юм байна. “Орано”-г бас явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэй бүтсэн төсөл. Бүх тохироо нь хийгдсэн. Бэлэн болчихсон. Алт хөтөлбөр байна. Үргэлжлүүлэхэд мөнгөний уурхай. Монголд мөнгө оруулж ирэхэд бэлэн болсон төслүүд.
Гэтэл Г.Занданшатарын Засгийн газар гарч ирүүтээ л шал өөр юм ярьж, ард түмнийг айдсаар булж гарлаа. Эдийн засаг муу байна, төрийн албыг 14400 хүнээр цөөлнө гэв. Ингэх улс төрийн хоёр шалтгаан байна.
Нэгт: МАН-аа хульхидчихсан. Дангаараа Засгийн газар байгуулна гэж байгаад МАН-ынхаа бага хурлаар шийдвэр гаргуулсан. Тэгж АН-тай хамтарсан Засгийн газрыг унагаад дахиад байгуулахдаа ХҮН-ыг үлдээгээд ИЗНН-ыг нэмсэн. Үндэсний эвслийг урьсан ч Н.Номтойбаяр татгалзсан. ХҮН-д нэг яам, хоёр сайд, ИЗНН-д нэг яам өгсөн. Өмнө нь АН-ын хариуцсан яамд дээр намынхнаа оруулсан. Ийм байдлаар дээрээ яамдаа авч үлдээд, яам дахь төрийн алба хаагчдыг явуулах арга олсон нь тэр.
Ингэлээ гээд МАН-ынхан арганд нь оролгүй улам эгдүүцэж буйгаа өөр зуураа уулзалдаж, уулзахгүй бол дотоод групп чаатуудаараа илэрхийлэх болжээ. Ихэнх нь: Л.Оюун-Эрдэнийг л солих гэж ингэсэн юм биш үү дээ. Юм л бол Ерөнхийлөгчийн нэрийг барьж өрөө рүү нь гүйлдсэн Засгийн газартай боллоо гэцгээх болжээ. Энэ зуурт тус намд тун хэцүү уналт тохиож байна. Өмнөх хамтарсан Засгийн газрыг онхолдуулсан өдрөөс хойш МАН-ын рейтинг огцом унажээ. АН-ынхаас доош орсон байна. Энийг ч тус намынхан их ярих болж.
МАН-ынхан нам дээрхээсээ гадна УИХ дээр ч үл ойлголцол ихтэй байна. МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүйн сайд болсон учир суудал нь онгойсон. Оронд нь дээрээс Л.Энх-Амгаланг зүтгүүлж байгаа ажээ. Үүнд гишүүд нь дургүй байна.
Мөн Г.Занданшатарын Засгийн газарт ХЭГ-ын даргаар С.Бямбацогтыг очих үед ихээхэн хэл ам гарчээ. Найман жилийн өмнө 32:33-аараа хуваагдсан байсан. Тэр үед тус намынхан үзэл баримтлалын хуваагдалд орсон гэж өөрсдөө үздэг юм байна. Хуучин 33-ын гишүүдээс: Дарга нар өмнө нь юу ярьдаг байлаа даа. Тэгтэл одоо юу хийж байна вэ. Ярьж байсан бүхнээсээ ухарлаа. Тэгэхэд 32-ын талд байж өмнөх дарга нарыг хамгаалж байсан С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарыг ч дэмжлээ, биднийг нулимлаа гэдэг эсэргүүцэл МАН-д гарчээ.
Тэрчлэн МАН-ынхан: Өнгөрсөн цаг хугацаанд МАН-ын ялалтыг МАН бус зарим хүн хэтэрхий ашиглаж байна. Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийг Содбаатар үйлдвэр гэдэг болтол хэрэглэлээ гээд хүртэл хоорондоо толхилцоод эхэлжээ.
Дөнгөж байгуулагдсан Засгийн газар дотор ч үл ойлголцол үүсэх шинжтэй. Тэргүүн шадар сайд нь: Миний рейтинг Ерөнхий сайдынхаас өндөр боллоо гээд 5 дахийн орой үеийнхэнтэйгээ буу халж байгаад ярьчихаж. Түүнийг нь ховч шаазгай тараачихаж. МАН-ынхан үүнийг: Байгуулагдаад ганц хоноод ингэх байсан юм уу гэцгээгээд сүйд. Зарим сайд нь: Манай тэр маань Засгийн газрын эхний хоёр хурал дээр өмнөх Засгийн газар байгаагүй, гэнэт сэрсэн юм шиг бөөлжис цутгатал муулж байдаг шүү гэсэн нь улс төрийн хүрээ рүү ороод иржээ.
Энэ мэтээр ойрын үедээ МАН-ын бага хурал, их хурал болох юм бол гал гарахаар болсон байна. Л.Оюун-Эрдэнэ нь ч онхолдохынхоо өмнө: Эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан. Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсч болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай гээд л байсан даа.
Хоёрт: Засгийн газрын бүтцийг цомхон болгоно гэсэн амлалтаасаа буцсан. Г.Занданшатарын Засгийн газрыг байгуулагдаж байхад АН-аас: Засгийн газрынхаа бүтцийг цомхон болгох хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан. Үүний хариу болгож, АН-ын амыг ард түмний сэтгэл зүйтэй хамт айдсаар дарж байгаад төрийн албаа цөөлөх гэж буй хэрэг юм.
Маш товчоор Г.Занданшатарын Засгийн газар эхнээсээ буруу замаар будаа тээгээд явчихаж байна. Уул нь Хэрэвзээ цомхтгол ярих гэж байгаа бол Засгийн газрын бүтцээсээ эхлэх ёстой. Наад зах нь сайд нараа 20 хувь цөөлсөн бол төрийн алба хаагчид руу орж болно. Тэгэлгүйгээр Засгийн газрын бүтцийг хэвээр нь авч үлдчихээд түүнийхээ лайг мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн алба хаагчдад үүрүүлэхээр шийдээд явж байна.
Г.Занданшатарын Засгийн газрын сайд болгон төрийн алба хаагчдыг хэрхэн цөөлөх гэж байгаа талаар дур дураараа ярьж байна. Яг хэдэн хувь нь үүнд өртөж байгаа вэ гэдэг нарийн нийлсэн тоо ч алга. Олон давтамжтай яригдаж байгаа 14400 гэдэг тоо л байна. Гагцхүү цомхотгол сайд нарт биш, төрийн жинхэнэ алба хаагчдад үйлчлэх нь тодорхой боллоо.
Гэхнээ 14400 төрийн алба хаагчдыг ажлаас чөлөөлөхөөр хүн бүрд 36 сарын тэтгэмж өгнө. 2028 оны хүртэл эдгээр төрийн алба хаагчид ажлаа хийж байсан үгүй нь ялгаагүй болж байгаа юм. Харин ч 36 сарын тэтгэмжийн мөнгийг огцом ихээр гаргаж төсөвт дарамт болно. Гэснээ дэд сайд томилохоор болсон нь бүр ч гал дээр тос нэмж байна.
УИХ-ын нэр бүхий долоон гишүүн: Өөрсдөө хэмнэж, бүтцээ багасгасангүй. Бүтцээ шинэчилсэнгүй. Хуучнаар нь хадгалж байгаад сайд нарыг томиллоо. Тэгсэн мөртлөө өөрсөд дээрээ нэмж дэд сайд томилох гэж байна. Тэгснээ зөвхөн төрийн алба хаагчдыг цөөлөх гэж байна. МАН ингэж амлалтаа зөрчлөө. Амлалтаас гадна Үндсэн хуулийг зөрчиж байна. Бүтцээсээ түрүүлээд сайд нараа томилсон нь Үндсэн хуулийн зөрчил. Энэ хэмнэлт биш, харин тансаглал. Түүний оронд сайд нараа 20 хувь цөөлж бүтэц хийгээд, үлдсэн сайд нарынхаа зөвлөх, туслах, цүнх баригчдыг явуулах хэрэгтэй. Тэгж байж хэмнэлт болно. Хэрэвзээ энэ чигээрээ гүлдийчихвэл огцруулах гарын үсэг шууд цуглуулъя гэж тохирч байгаа ажээ.
Ерөнхийд нь хэлэхэд, Г.Занданшатарын Засгийн газарт төсөв тодотгох ямар ч шаардлага алга. Зөвхөн хэл ам дарах гэсэн улс төрийн шалтгаан байна. Ингэхийн оронд “Чайна энержи”, “Алт” хөтөлбөр, “Орано” гурваа тойглох хэрэгтэй.
Харин бүтэц нэрээр хөндсөн төрийн жинхэнэ алба хаагчдыг цөөлөх шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд төсийг тодотговол долларын ханшаа суга алдахаас эхлээд жинхнээсээ эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх рүү орно шүү.
Ө.БИЛЭГ
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
BOOW XXI80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI80955877