Үндэсний их баяр наадам дөхсөнтэй холбоотойгоор салбар хороод өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар "Энэ жилийн наадмын бөхийн барилдаанд хуулиараа 512 бөх зодоглоно. Хуульд заасныхаа дагуу бөхийн бүртгэл долдугаар сарын 9-нөөс эхлэх юм. Мөн шөвгөрсөн 32 бөх, сурын харвааны эрэгтэй, эмэгтэй 16 тамирчин, нийт 48 хүнээс допингийн шинжилгээ авна.

Допингийн шинжилгээг өнгөрсөн жилийн наадмаар хамтарч ажилласан олон улсын итгэмжлэгдсэн лаборатори буюу Герман улсад биечлэн хүргэж, шинжилгээний хариуг авахаар холбогдох байгууллагаас ажиллаж буй.

Шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил шиг 48 цагийн дотор эхний хариу гарна. Үүнээс сэжигтэй буюу нарийвчлан шалгах шаардлага үүсвэл хариуг албан ёсоор гарсны дараа нийтэд зарлах юм" гэлээ.