Шахсан бяслаг гэдэг шиг тэргүүлэх ач холбогдолтой төслийг төсөвт тусгахыг Ерөнхий сайд үүрэгдлээ
17 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Даваадалай танилцууллаа.
Тэрээр, "Төсвийн тухай хуулиар олон нийтийн оролцоог хангах үүрэг төрийн байгууллагуудад оногддог. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд энэ оролцоо хангалттай хэмжээнд хэрэгжээгүй гэж үзсэн тул ирэх оны төсөвт илүү бодит, нээлттэй, үр дүнтэй хэлбэрээр хэрэгжүүлэх зорилтыг тавьсан. Ингэхдээ зөвхөн санал авах бус тухайн саналыг хэрхэн тусгасан тухайгаа эргэж тайлагнах хэлбэрийг ч хэрэгжүүлэх юм.
Ерөнхий сайд 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн оролцоог дөрвөн үндсэн чиглэлээр хангаж ажиллахыг үүрэг болголоо,
Ингэхдээ иргэдийн оролцоог хоёр үе шаттайгаар хангана. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн санал бодлыг хоёр үе шаттайгаар авч, олон нийтийн хэлэлцүүлгийг өргөн цар хүрээтэй зохион байгуулна.
Эхний шатны санал хураалт наймдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд цахим хэлбэрээр авна. Саналыг e-Mongolia, “11-11” гар утасны аппликэйшн, мөн Засгийн газрын цахим хуудсаар дамжуулан хүлээн авах юм.
Наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд Сангийн яам болон Засгийн газар төсвийн төслийг өргөн барих ёстой. Энэ хугацаанд иргэд, ААН-үүдээс авсан саналуудаа тусгаж багцлах үүрэг өгсөн.
Тусгасан саналын талаарх мэдээллийг эргээд олон нийтэд танилцуулах журамтай байх бөгөөд энэ нь төсвийн хэлэлцүүлгийг нэг талын биш, хоёр чиглэлтэй харилцаа болгох зорилготой.
Мөн санал авах тогтолцоог тогтмолжуулна. Иргэдийн саналыг зөвхөн нэг удаагийн хэлэлцүүлгээр бус, байнгын ажиллагаатай тогтолцоонд оруулна. Үүнд,
- e-Mongolia портал
- 11-11 шуурхай утасны үйлчилгээ
- Засгийн газрын цахим хуудас болон бусад шууд харилцах сувгууд хамаарна.
Ингэснээр иргэн, ААН-үүд тухайн үеийн нөхцөл байдал, салбарын асуудалтай уялдуулан саналаа хүссэн үедээ өгч чадах боломж бүрдэх юм.
Түүнчлэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагын оролцоог идэвхжүүлнэ. Наймдугаар сарын хугацаанд хоёр долоо хоногийн турш нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгт дараах байгууллагууд оролцоно,
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөл
- Төрийн аудитын байгууллага
- Төсвийн ерөнхийлөн захирагчид
- Иргэний нийгмийн байгууллагууд
- Салбарын яамд, албан тушаалтнууд
Эдгээр хэлэлцүүлгээр иргэд болон ААН-үүдийн санал, тулгамдсан асуудлыг тусгахын зэрэгцээ тухайн асуудлыг салбарын бодлогод хэрхэн шингээх талаар тодорхой байдлаар хэлэлцэнэ.
Жишээлбэл, олон нийтийн зүгээс “Хавдрын эмнэлэг үнэхээр хэрэгтэй” гэсэн санал гарвал, үүнийг тухайн салбарын төсөвт тусгах бөгөөд ямар байдлаар тусгаснаа иргэдэд эргэн мэдээлэх юм.
Төсвийн үр ашгийг сайжруулж, ач холбогдлоор нь эрэмбэлнэ. Ерөнхий сайдын зүгээс онцолсон сүүлчийн чиглэл бол улсын төсвийг илүү оновчтой, эдийн засаг, нийгмийн хувьд өгөөж өндөртэй төсөл, арга хэмжээг тэргүүлэх эрэмбээр ангилан санхүүжүүлэх явдал юм.
Өөрөөр хэлбэл, шахсан бяслаг гэдэг шиг тал бүрээс нь олон нийтийн шүүмж саналыг сонсож маш сайн багцалж шахсан төсөл оруулж ирээрэй гэдэг үүрэг өглөө.
Үр ашиггүй, давхардсан, хэмнэж болох зардлуудыг танана. Эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй, олон нийтэд илүү ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг тэргүүлэх зэргийн ангилалд оруулж санхүүжүүлэхэд анхаарна.
Төсөв хэмнэх замаар татварын дарамт нэмэгдэхээс сэргийлж, иргэд, ААН-үүдийн нуруунд ачаалал үүрүүлэхгүй байх зарчмыг баримтална.
Энэ хүрээнд татварын бодлого, Нийгмийн даатгалын шимтгэл зэрэг асуудлыг шинжлэх ухаанч, бодлогын түвшинд хэлэлцэнэ.
2026 оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр ашигтай, шударга, ил тод зарцуулах вэ гэдгийг шийдэх хариуцлагатай баримт бичиг. Иймд Засгийн газар иргэдийн үгийг сонсож, бодлогоо хамтран тодорхойлох шинэ жишгийг эхлүүлж байна" хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ:
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газрын хуралдаанд төсөв боловсруулах нэгдүгээр үе шатын явцын талаар мэдээлэл өглөө. ЗГ-аас 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Энэ хүрээнд Төсвийн суурь хуулийн 28 дугаар зүйлийг сайн харж танилцаарай гэж хэлмээр байна Наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Наймдугаар сарын 1-нээс Emongolia-оор саналаа авна. Яамд анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ.
Ийнхүү Засгийн газар анх удаа төсвийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авахаар боллоо. Иргэд ямар ч санал ирүүлж болно. Энэ нь Засгийн газрын бодлого, хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн байх учиртай.
Зочин · 8 цагийн өмнө
SAWN80955877
z · 12 цагийн өмнө
ih hurliin gishuunii mongo gedgee bolio,bur 15 terbum shuu.
Зочин · 16 цагийн өмнө
SHAALGN VABALDI SEXSEER80955877
Зочин · 17 цагийн өмнө
ANUSDI80955877TACHAANGUI BOOB XXNO