"Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн бүтээн босгосон "Буянт-Ухаа 1" хорооллын захиалагчийг Засгийн газрын 36 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу иргэдийн дунд сугалаа явуулан шалгаруулсан.

Сугалаанд нийт 1545 иргэн тодорч 1300 гаруй иргэн өөрийн орон сууцаа сонгож, мөн үүнээс 300 гаруй иргэд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувиа төлж, байраа баталгаажуулсан. Харин үлдсэн хүмүүс байрын төлбөрөө буй үлдэгдлийг төлж чадаагүй.

Сугалааны азтангаар тодорсон иргэд аз гийлээ хэмээн хөөрцөглөж байсан нь саяхан. Гэтэл дараагийн даваагаа давч чадахгүйд хүрээд 323 хүн урьдчилгаа төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар буцаагджээ. Байрныхаа төлбөрийг 100 хувь барагдуулсан 82 хүн нэг дор байрлахгүй учраас хүлээж байгаа хэмээн ТОСК-ийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од хэлэв. Уг нь “Буянт-Ухаа-1”-ын сугалаанд хожсон хүмүүс тавдугаар сарын 23-нд байрандаа орох байсан юм.

Урьдчилгаагаа төлсөн иргэдийн ихэнхи нь өөрсдийн үл хөдлөх хөрөнгө болон хашаа байшингаа заран байж төлсөн гэдэг.

Харин сугалааны азтанугууд гуравдахь даваа болох "Банкны шалгуур"-т бүдэрчээ.  Ийн урьдчилгаа төлбөрөө буцааж авсан ч өмнөх шигээ хашаа байшин худалдаж авч чадахгүй болсон байна. Учир нь урьдчилгаанд талбайгаасаа хамааран 12-26 сая орчим төгрөг төлсөн аж. Гэтэл 25 сая төгрөгөөр захын хороол­лын хашаа байшин авна гэсэн үг.

Ийнхүү байртай болох гээд хашаа байшингаа золигт гаргасан иргэд аз биш золигт гарсан хүмүүс болж орхих нь тэр. ТОСК-ийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од "Банк­ны асуудлыг бид зохицуулах ямар ч арга байхгүй. Засгийн газраас гаргасан 36 дугаар тогтоолд банкнаас тавигдах шалгуур шаардлагыг хангасан байх ёстой хэмээн заасан байгаа" хэмээн иргэдийн амыг таглаад байгаа аж. Ийнхүү  зохицуулалтыг нь сайн олж харалгүй иргэд буруу алхам хийсэн бололтой.

Баяр наадмын өмнөхөн төлбөрөө төлж чадаагүй хасагдсан иргэдийн байрыг дахин сугалаа сугалуулж дахин азтангууд тодруулна хэмээн мэдэгдсэн билээ. Сонгогдоогүй хүмүүст шинээр боломж гарч ирж буйг дуулгасан ч  сугалааны тохир­лыг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд явуу­лах байсан ч хойшлогдлоо.

Хойшилсон шалтгаан нь бөхийн өргөө засварт орсон гэх үндэслэлээр. Сугалааг явуулах өөр газар хайж буй гэх мэдээллийг өгсөн юм. МҮОНТ-ын хоёрдугаар сувгаар шууд дамжуулахдаа 40 орчим сая төгрөг зарцуулжээ. Энэ нь 33.47 ам метр талбайтай байрны зардал юм. Дахин сугалаа явуулах газарт 3-4 орчим сая төгрөг төлөхөөр газар хайж байгааг албаны хүн хэллээ.

Зах зээлийн үнээс хамгийн хямд гэх байрны эзэд болох гэсэн иргэд урьдчилгаагаа төлсөн ч үндсэн орлогогүй гэсэн шалтгаанаар хасагдсан. Дараагийн азтан болох иргэд ийнхүү банкны шалгуурыг бодолцохгүй бол дээрх иргэдийн адил орох оронгүй ойчих хаяггүй болчих вий дээ.
 

Х.Даваа