Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор компаниудтай Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ) байгуулсан

Монголын Засгийн газар Хувь нийлүүлэгчдийн гэрээг Британийн Виржинийн Арлууд гэх хаягт байрлах Айвенхоу Оюу толгой (БиВиАй), Нидерланд гэх хаягт байрлах Оюу толгой Нидерланд (Би.Ви) цаашид(ОТН) гэх оффшор компаниудтай байгуулсан байна.

 

Дээр дурдсан компаниуд нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн болон техник, технологи, боловсон хүчний бүрэн чадамжтай эсэх нь тодорхойгүй оффшор компаниуд байна гэж ойлгогддог.

 

Хэрэв эдгээр компани Рио Тинто, Айвенхоу компаниудыг төлөөлж байгаа бол Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад үүсэх бүх үүрэг хариуцлагыг Рио Тинто, Айвенхоу компаниуд бүрэн хүлээж, хариуцах талаар Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгах ёстой байсан боловч энэ талаар ямар ч зүйл, заалт байхгүй, харин Эрдэнэс Монгол ХХК буюу Төрийн өмчит компани (ТӨК)-ийн хүлээх аливаа үүрэг хариуцлагыг Монголын Засгийн газар биелүүлэхээр гэрээнүүдэд заажээ.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талууд нь Эрдэнэс МГЛХХК (ТӨК), Айвенхоу Оюу толгой(БиВиАй), Оюу толгой Нидерланд(Би.Ви) оффшор компаниуд, Оюу толгой ХХК(хуучин нэрээр Айвенхоу Майнз Монголия Инк ХХК) болохыг зааж, Оюу толгой төсөлд Монголын талын эзэмших хувьцааны 34 хувийг ХНГ-д тусгасан атлаа бусад талуудын хувьцааны хувь хэмжээг заагаагүй нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэрээнд оролцогч талууд Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээтэй дүйцэхүйц хувь эзэмших нь ойлгомжтой. 

 

Оюу толгой төсөл бүрэн хэрэгжиж, орд ашиглах 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсан бүх обьекыг барьж байгуулан ашиглалтад бүрэн оруулсан үед Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах нь зүйтэй байсан юм.

 

Хөрөнгө оруулагчийн хувь эзэмшлийн барьцаа нууцлагдмал, харин Монголын талын хувь эзэмшил барьцаагүй гэдгээр молигдсон уу?

 

Гэрээнд Монголын тал буюу ТӨК, ОТХХК-ийн хувьцааны 34 хувийг ямар нэг барьцаагүйгээр эзэмшинэ гэсэн атал нөгөө талын компаниудын эзэмшлийн хувь, барьцааны талаар тодорхой заалт байхгүй юм. Зүй нь Монголын Засгийн газар Оюу толгой ордын баялгийн эзэн учир ордын нөөц, баялгийн 34 хувь баталгаатай барьцаа болно. Ийнхүү Монголын Засгийн газар хувьцааг барьцаагүйгээр эзэмшинэ гэсэн нь Айвенхоу, Рио Тинто өөрсдийн эзэмшилд буй хувьцаандаа ямар нэгэн барьцаагүй байхын тулд нүд хуурсан, уран гоё заль байжээ. Нөгөө тал Айвенхоу Оюу толгой (БиВиАй), Оюу толгой Нидерланд (Би.Ви) оффшор компаниуд, Хөрөнгө оруулагч АММИ буюу Оюу толгой ХХК маань хувьцааныхаа эзэмшилд ямар барьцаа тавьсан нь тодорхойгүй байна. Анх Оюу толгой ХХК-ийг үүсгэн байгуулахад Хөрөнгө оруулагч талаас нэр дээрээ харилцах данс нээж багахан хэмжээний мөнгөн хөрөнгө байршуулсан байж магадгүй юм. Түүнийгээ хувьцааны барьцаа гэмээргүй юм. Олж авсан мэдээгээр Рио- Тинто компани 33.5 хувийг, Туркойз Хилл компани 32.5 хувь эзэмшдэг гэх боловч ямар барьцаатай эзэмшдэг нь олон нийтэд бас л ойлгомжгүй байна. Рио- Тинто, Туркойс Хилл компаниуд Оюу толгой ордын нөөц, баялгаас дээр дурдсан хэмжээгээр эзэмшдэг байх нь гэж ойлгогдож байна. Учир нь Рио Тинто компанийн жил бүрийн тайланд Оюу толгой ордын нөөцийн 29.5-33.5 хувийг эзэмшдэг тухай тусгагдаж байсан. Одоо Рио Тинто ордын нөөцийн 66.0 хувийг эзэмшиж, Торонтогийн бирж дээрх Туркойс Хилл компани болон түүний хувьцаа ор тас алга болоод удаж байгаа. Үүнд мэдээж Рио Тинто өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн ямар нэгэн арга хэрэглэсэн нь ойлгомжтой. Гэтэл ХНГ-д Монголын тал Оюу толгой компанийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр заасан байна.

 

Оюу толгой компани (АММИ) гэдэг чинь хэнсэн билээ тухай өмнө тодорхой өгүүлсэн, гэвч дахин эргэн сануулахад хувьцаа гаргах хөрөнгөгүй гар хоосон компанийн хувьцааг Рио-Тинто, Туркойс Хилл компаниуд эзэмших гэж юу байхав дээ. Монголын талыг эдгээр компани давхар молигдсон харагдаад байгаа юм.   

 

Бид ийнхүү “барьцаагүй 34 хувийн” давхар молигт хууртсан төдийгүй харин эсрэгээрээ өөрийн эзэмшлийн 34 хувьд Айвенхоу, Рио Тинтогоос хүнд нөхцөлтэй зээл авч төслийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байгаа нь бид өөрсдийн баялгаа барьцаалах нь байтугай бүр эсрэгээрээ барьцаа болох нөөц, баялгаа таг мартчихаад, бусдын зээлийн барьцаанд өөрсдөө орчихож байгаа юм. Үүнийг заль гэх үү, юу гэх вэ? Ямар юмных нь барьцаагүй 34 хувь байх вэ?. Хэрэв Ашигт малтмалын хууль(5.5 дугаар зүйл)-ийн цоорхой, гажуудлыг ХөОГ, ХНГ байгуулахаас өмнө засч сайжруулсан бол Монголын тал ямар нэгэн барьцаагүй гэсэн нэрээр хоосон цаасанд хууртахгүй, Оюу толгой ордын нөөц, баялгийн 34 хувийг бодитой эзэмших боломжтой байв. Ийм байдлаар эзэн орон, гадаадын хөрөнгө оруулагчдын аль алины эрх ашиг, сонирхолыг харгалзсан байдлаар зохицуулсан заалтыг Ашигт малтмалын хуульд тусгах бүрэн боломжтой байсан юм. Зэс, алт, мөнгө, молибдени, рени зэрэг үнэт, өнгөт металл, бас бусад дагалдах нэгдэл селен, теллур гэх мэт нь элс, хайрга, шавар, шохой, хүрэн нүүрс биш, тэгээд Оюу толгой орд шиг орд дэлхийд хэд байгаа билээ, арван хуруунд л багтаж байна.

 

Оюу толгой ордын нөөц, баялаг бол Монголчууд аж амьдралаа дээшлүүлэхэд заяаж олдсон нэн онцгой боломж завшаан юм. Харин энэ сайхан боломж, завшааныг ашиглаж чадахгүй гадаадын зээл зуучлагчид дийлэнх хувийг алдаж байгаа нь нэн харамсалтай байна. 

 

 Ер нь манай байгалийн баялаг, эдийн засгийн салбартай холбогдсон хуулиудад хаалт, хамгаалалтын талаарх зүйл заалт их дутмаг байдал ажиглагддаг санааг төлөөлүүлж нэг зүйлийг энд зориуд цухас дурдлаа.

 

Шилний цаанаас чихэр долоолгов.

 

Ордын эзэн Монголын талын барьцаа нь орд өөрөө юм. Гэтэл нөгөө компаниуд 4.2.(а) ОТХХК Оюу толгой төсөлд Монгол Улсын Засгийн газрын оруулах хувь нэмрийг харгалзан Төрийн эзэмшлийн хувьцаа гаргаж ТӨК-д шилжүүлсэн бол уг хувьцааны үр дүнг үзэж, өгөөж ногдол ашгийг хүртэх ёстой биз дээ. Хувьцааг ямар хэлбэрээр, хэдэн ширхэг, хэдий хэмжээний дүнтэй гаргасан талаар олон нийт ямар ч мэдээлэлгүй байна. Энэ бол багачуудын ярьдгаар шилний цаанаас чихэр долоолгоно гэсэнтэй утга нэг юм. 

 

Нүдэнд харагдах, гарт баригдах хөрөнгөгүй этгээд Оюу толгой ХХК яаж хувьцаа гаргах вэ?

 

Бас нэг ойлгомжгүй зүйл бол Оюу толгой төсөл бүрэн хэрэгжиж амжаагүй, обьектууд ашиглалтад ороогүй байхад нүдэнд харагдах, гарт баригдах хөрөнгөгүй этгээд Оюу толгой ХХК яаж хувьцаа гаргах юм. Харин ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламжийн эхний ээлжийг ашиглалтад 2012 онд хүлээн авсны дараа бол хувьцаа гаргах боломж бүрдэж болох юм.

 

Оюу толгой ХХК хувьцаа гаргалаа гэж бодоход түүгээр Оюу толгой төслийг бүрэн санхүүжүүлж чадах, эсэх нь бас л эргэлзээтэй. Нэгэн иймэрхүү ойлгомжгүй адал явдал Оюу толгой төслийн эргэн тойронд үргэлжилсээр байна.

 

Өнөөдрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээс харахад Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оролцсон эсэх нь тодорхойгүй Айвенхоу Оюу толгой (БиВиАй), Оюу толгой Нидерланд (Би.Ви) оффшор компаниудын төлөөлөл Засгийн газрын Ажлын хэсэгтэй хэлэлцээ хийсэн бололтой юм. Оюу толгой Нидерланд (Би.Ви) оффшор компанийн ямар эрх мэдэлтэй хэн болох нь тодорхойгүй нэгэн Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай Оюу толгой төслийн Монголын талын хөрөнгө оруулалттай холбогдсон асуудлаар протокол байгуулсан байсан. Тэр нь хир зэрэг хүчин төгөлдөр баримт бичиг болох нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм.

 

 

Монгол Улсын Гавьяат Эдийн засагч Т.Балжинням  



“Оюу толгой Аз уу?, Эз үү?” номын хэсгээс