Дээрх зураг нь 2024 оны зургаадугаар сарын 9-нд Go mongolia хөтөлбөрийн хүрээнд Английн Премьер лигийн алдарт Фүлхэм клубийн хаалгач асан Марк Шварцер Монголд ирж байсан үеийнх юм.


"Go Mongolia" үндэсний брэндийг олон улсад сурталчлах зорилгоор Английн Премьер лигийн Фүлхэм клубтэй 2024 оны зургаадугаар сараас хамтын ажиллагаагаа эхлүүлсэн хэмээн Соёлын сайд Ч.Номин мэдээлж байв.

Гэвч төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учраас тус баг манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаарх мэдэгдэл ирсэн. Үлдэгдэл төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй гэсэн. Манай зүгээс төсвийн тодотголоор үлдэгдэл санхүүжүүлэлтийн мөнгийг чиг үүргийн дагуу Гадаад харилцааны яам руу шилжүүлсэн. 

Гэрээ шилжүүлэх болон ажил үүргээ өгч авах, ажлын хэсэг гарах гэх мэт бичиг цаасны ажил явж байгаа. Үүнээс гадна үлдэгдэл төлбөрийг төлөх албатай юу, гэрээнд юу гэж заасныг судлах ажлууд явж байгаа. 

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монголыг гадаадад сурталчлах нэрийдлээр нэлээд өндөр үнийн дүнтэй гэрээнүүд хийгдсэн байсан. Английн үндэсний телевиз BBC, АНУ-ын CNN, дэлхийн тэргүүлэгч маркетинг, брэндингийн компани Edelman зэрэгтэй нэг сая ам.доллароос дээш үнийн дүнтэй гэрээ хийсэн. Зарим гэрээнүүд нь дууссан, зарим нь үргэлжилж байгаа.

Гэхдээ зарим нэг учир дутагдалтай зүйл бий. Жишээлбэл Бостон консалтинг группээр хийлгэсэн судалгааны тайлан нь миний хувьд болон манай яаманд ажиллагаа байгаа мэргэжилтнүүдийн шаардлага хангахгүй байна. Судалгааны чанар нь хоёрдогч материалууд дээр дүгнэлт хийчихсэн байр байдалтай байгаа" хэмээн мэдээлэв.

Тэгвэл Соёлын сайд асан Ч.Номин өнгөрсөн аравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа "2023-2026 оныг дамнасан гэрээний хүрээнд BBC-тэй 500 мянга, CNN-тэй 1.7 сая, үндэсний брэндинг хийдэг дэлхийн хамгийн том компани болох Edelman-тэй 1.5 сая ам.долларын гэрээ байгуулж ажилласан.  Нийтдээ 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн гэсэн үг" хэмээн ярьж байлаа.