УИХ-ын чуулганы хуралдаанаас авсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн завсарлага дуусаж, УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 97 гишүүн оролцсоноос 80 гишүүн нь түүнийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн юм. 

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлж байгааг УИХ-ын чуулганы үдээс өмнөх чуулганд танилцуулахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг 14:00 цагт хүртэл завсарлага авсан юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцлээ, олон гишүүн зарчмын байр суурин дээрээ байгааг тодотгоё. Намын даргын асуудал намын дотоод асуудал. Гэхдээ УИХ-ыг даргалах асуудал бол парламенттай холбоотой асуудал. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийн төслийг УИХ-ын дэд даргад өргөн барихаар бүрдүүлбэл хангасан ч хүлээн авах цаг өгсөнгүй. УИХ-ын гишүүн хуульд нийцсэн хуулийн төслөө бүрдүүлбэр хангаад өргөн барихад хүлээн авахгүй байх эрх байхгүй.

УИХ аливаа хуулийн төслийг олонхиороо хэлэлцээд дэмжих, дэмжихгүйгээ шийдэх ёстой” гэсэн юм.

УИХ-ын дарга Н.Учрал тамга хүлээн авсны дараа үг хэллээ. Тэрбээр "Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд гишүүн гэмт хэрэгт шалгуулаад байгаагаас унаагүй, УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн.

Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно" гэв.