Болдын Жавхлан хэмээх энэ хүн гурван сонгууль дараалан Их хуралд гарч, гурван Ерөнхий сайдын хугацаанд Сангийн сайд хийж байгаа нэгэн. Та бүхэн санаж байвал ердөө тавхан сарын өмнө манай улсын хөрөнгө мөнгө хоолойгоор татчихаад байна. Тиймээс энэ олон мега төслүүдийг зэрэг, зэрэг явуулах нь зүйтэй хэмээн хэлж байсан.

Харин хэдхэн хоногийн дараахан Г.Занданшатарын Засгийн газарт улирч үлдэнгүүтээ тодотгол л хийхгүй бол болохгүй хэмээн ярьж байлаа. Энэ бүхнээс харахад л тэр ямархан хэмжээний хүн бэ. Өөрийн албаа ажлаараа хамгаалж чадахгүй юм байна гэдэг нь ил байсан. Гэвч энэ хүн ямар хамгаалалттай, нөлөөтэй болоод одоо хүртэл Монгол Улсын мөнгөний авдрыг сандайлж байгаа нь ойлгомжгүй. Анх У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо Сангийн сайдаар тавьсан. Хамаатан, садан юм гэнэ лээ гэдэг яриа гарч л байсан. Үнэн, худлыг нь мэдэх юм алга. Гэхдээ улсаа дампууруулах хэмжээнд авааччихаад байхад албан тушаалтай нь ярихгүй байгаа болохоор үнэн ч байж мэдэх юм.

Ер нь түүнд Сангийн сайдаар суух хугацаа тун давчуу үлдсэн байх. Хоёр ч Ерөнхий сайдаа “мөргөж” ард нь үлдсэн болохоор түүнд итгэх хүн бараг үлдээгүй. Дээрээс нь анх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан руу нүүхэд илтэд дургүйцэж, түүнийгээ эмээлгүй гаргасан, Ж.Энхбаяр сайдтай эвгүй харилцаатай гэгдэж л байсан. Ямар сайндаа л тус яамны нэг даргыг Дарханд алгадсан асуудлаар сэтгүүлчдэд байцаагдаж байх бил ээ дээ. Гэтэл нөгөө “Дарханаас зайлаарай” гээд байсан Ж.Энхбаяр нь Тэргүүн Шадар сайд болчихсон учраас энэ хүнд ер нь засагт үлдэх зай үлдээгүй л болов уу. Тэгээд ч сүүлийн долоо, найман жил Сангийн сайд хийчихээд данс улайсан гээд яриад сууж байх эрх нэгт байхгүй. Хоёрт, хэлсэн хийсэнд нь итгэх хүн ч үлдсэнгүй.

М.Зул

Эх сурвалж: www.DNN.mn