Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "БНСУ-ын визний асуудал үргэлж иргэдийн сонирхдог асуудал байсаар ирсэн. Манай улсын хувьд БНСУ-ын иргэдийг манай улсад 30 хоног визгүй болгох бодлогыг гаргасан. Энэ нь мэдээж, жуулчдыг татах бодлого юм.

Монгол Улсын Гадаад Харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтарч гаднын 60 улсад evisa буюу цахим виз өгдөг болсон. Өнөөгийн байдлаар 30 гаруй улс манай улсад визгүй зорчдог. БНСУ-ын талд манай улсаас тус улсыг эмнэлэг зорьж байгаа иргэдийн визний хөнгөлж өгөхийг хүсэж байгаа. Мөн аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс БНСУ-тай холбоотой аж ахуйн нэгжүүдийн захирал, менежерүүдийг визнээс чөлөөлж өгөхийг хүсэж байна. Энэ хоёр төрлийн визийг нааштай хүлээж аваад байгаа.

 Харин бүх иргэдийн визийг чөлөөлж өгөөч хэмээн хүсэх нь утгагүй асуудал болоод байна. Учир нь БНСУ-д амьдардаг манай улсын иргэд гэмт хэрэгт холбогдох, хууль бусаар амьдрах тохиолдол их хэвээр байна. Улс болгон визний өөр өөрийн гэсэн дүрэм, журамтай. Манай улс ч мөн адил тийм бодлоготой байдаг” хэмээн ярилаа.