АТГ-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, түүний багын найз Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.

Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 5-нд АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймагт ажиллаж, энэ үеэрээ тус аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулжээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хувьд тус аймгийн Баяндалай сумын уугуул бөгөөд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсмөгцөө 2007 оноос “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслахаар хоёр жил ажилласан түүхтэй. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн “Хаан банк”-ны захирлаар томилогдож, 2020 он хүртэл ажилласан байдаг.

Банкны захирал байхдаа Н.Энхбат 2012, 2016, 2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогдсон. Ийн 2020 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 оны аравдугаар сард Өмнөговийн Засаг даргаар томилогдсон байдаг. 

Ийнхүү ИТХ-аас Засаг дарга болтлоо дэвшсэн Н.Энхбат "500 тэрбум төгрөгийн бонд босгож ДЦС барина" гээд 500 тэрбумыг дараах байдлаар бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр гарчээ.

  • Эхний жилд 150 тэрбум,
  • 2027 онд 300 тэрбум,
  • 2028 онд үлдсэн 50 тэрбум төгрөгөө босгох юм байна. Улмаар 50 мв-ын дулааны цахилгаан станцаа барих юм байна. Мөн бондтой холбоотой СЗХ, АИХ-ын шийдвэр ч мөн гарсан байдаг аж.

Түүний хамгийн сүүлд АТГ-д мэдүүлсэн ХОМ

  • Өөрийн орлого: 69 сая
  • Гэр бүлийн орлого: 49 сая
  • Нэг орон сууц, хоёр автомашины зогсоолтой: 251 сая
  • Lexus, RX 450 загварын автомашинтай: 100 сая
  • Мал: Адуу 25, Хонь 18, Ямаа 41- 33 сая
  • 5 га газартай: 30 сая
  • Үнэт эдлэл: 82 сая
  • Хадгаламж: 58 сая

Түүний өмнө нь мэдүүлсэн буюу Засаг дарга болохоос өмнөх ХОМ-тэй нь харьцуулахад өөрийн орлого нь 24 саяар, гэр бүлийн орлого нь 10 саяар, орон сууцны үнэлгээ нь 75 саяар, хадгаламж нь 26 саяар өсөж, 100 саяын машинтай болж өсжээ.