ТОЙМ МЭДЭЭ
2 цагийн өмнө

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УЛСТӨР: Намууд Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтгээд тун шуугиан ихтэй байна. Үүнээс гадна өмнөх засгийн газрынхаа "но"-г илрүүлж Б.Энхбаяр мэдэгдэл хийж амжив.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хилийн зурвасыг давхардуулан хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хил бол Монгол Улсын тусгаар тогтнолын халдашгүй байдал мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэрт 34227.8 га талбайг олгосон байна. Энэ бол улсын хилийн газарт хамаарах газар бөгөөд Засгийн газрын шийдвэрээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар бол улсын хилийн газар нутагтай зааглаж байгаа боомт, газар нь төрийн өмч. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ. Улсын хилийн зурваст хил хамгаалахаас бусад зориулалттай барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийддэг. Улсын хилийн зурваст газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно гэсэн заалттай. Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх бүтэц өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан.
2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Боомтын хөгжлийн корпорацыг байгуулсан. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн Засгийн газрын хуралдаанаар, огцрохоосоо дөрөв хоногийн өмнө Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл, шийдвэрийг гаргасан. Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн дүрмээр бол төр хувийн хэвшлийн хамтралаар төсөл хэрэгжүүлнэ, өөр хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна, боомт дээр барилга байгууламж барина, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах үндсэн дөрвөн чиглэлтэй компани байна. Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмлэглэлийг шүүж үзэхэд ганцхан өгүүлбэр гарч ирсэн. Ямар ч хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулаагүй.
Дандаа хилийн шугамд хамаарах газарт газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Цагаан дэл, Булган, Хавирга, Шивээхүрэн, Бичигт, Бургастай, Арцсуурь боомтын хилийн зурвасыг дайруулаад газар олгосон байна.
Боомтын сэргэлт, боомтыг хөгжүүлнэ гэсэн халхавчаар хууль бусаар газар олгосон гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тавдугаар сарын 25-ны өдөр баталсан тогтоолыг хүчингүй болгож, хилийн зурваст газар олгож, ашиглуулсан асуудлыг цуцалж байна.
Хоёрт, хилийн зурваст давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцлээ. Хилийн тухай хууль зөрчөөд хилийн зурваст давхцуулж нийт 54 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хууль хяналтын байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэхүү олгосон тусгай зөвшөөрөл нэг бүрээр дүгнэлт гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний биед үүрэг болгосон.
Хамгийн ойр олгосон тусгай зөвшөөрөл нь улсын хилийн зурвасаас 30 метрийн зайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах шийдвэрийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байна" гэлээ.
Г.Занданшатар: Хилийн зурваст хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно
Улмаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.
Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэсэн юм.
Тэгвэл тэдний дээрх мэдэгдлийн араас Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийсэн үндэслэлээр шүүхэд өгөхөө мэдэгдэв.
Тэрээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдсэн хуралдааны нэр барин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, улс төрийн зорилготой, ноцтой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрбээр улсын дархан хилийн бүсийн 34 мянган га газрыг тухайн үеийн Ерөнхий сайд болон холбогдох сайд нар хууль зөрчин ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд миний нэрийг удаа дараа дурдсан тул Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүний хувьд албан ёсоор дараах байр суурийг илэрхийлж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Улсын Их Хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн чухал хэсэг болох Боомтын сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, экспорт, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хоёрдугаарт, “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, хилийн бүс дэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу баталсан. Энэ нь хувийн компанид газар “бэлэглэсэн” асуудал огт биш, харин төрийн өмчид төвлөрүүлэн, зохион байгуулалттай хөгжүүлэх бодлогын арга хэмжээ байсан.
Гуравдугаарт, дархан хилийн бүсийн газрыг хууль бусаар олгосон гэх мэдэгдэл нь үндэслэлгүй, улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд төрийн бодлогыг зориудаар гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхээр хэрэгжүүлж байсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамгийн үр дүнтэй, бодит өгөөжөө өгсөн чиглэл нь “Боомтын сэргэлт” юм. Үүнийг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд бэлхнээ нотолж байна. Боомтуудын нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр экспорт, импортын хэмжээ өсөж, улсын төсвийн орлого эрс нэмэгдсэн.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга миний бие ажиллаж байсан хэдий ч тус хорооноос гарах шийдвэрийг ганцаарчлан гаргадаггүй. Тус хороо нь Монгол Улсын Засгын газрын 12 гишүүд болон хууль, хяналтын зэрэг байгууллагуудын төлөөлөл нийт 22 хүнээс бүрддэг бөгөөд асуудлыг хуралдааны үндсэн дээр хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил бүр хуулийн дагуу байснаас гадна Монгол Улсад үр өгөөжтэй шийдвэрүүд байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Төрийн албан тушаалтан хүн олон нийтэд мэдээлэл хийхдээ баримтад тулгуурлах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд үндэслэлгүйгээр, баримт нотолгоогүйгээр бүхий хүмүүсийг хууль зөрчсөн мэтээр олон нийтэд зарлаж байгаа нь өөрөө хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл болно. “Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцлагагүй, худал ташаа мэдээлэл тараасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хууль зүйн хариуцлага тооцуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” хэмээв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар хилийн бүсийн 34 мянган га газрыг хууль зөрчин олгосон. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц шийдвэр гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байгаа” гэх мэдээллийг хийсэн юм.
НИЙГЭМ: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж ахмадууд хэвлэлийн бага хурал хийлээ.

Ахмад настнууд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр (2026.02.11) Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ.
Тус холбооны ахмадууд “Нэгдүгээр сарын 27-нд хэвлэлийн хурал хийж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг төр засагт хүсэлт хүргүүлсэн. Үүний дараа сануулга өгч, сануулгын жагсаал зохион байгуулж, сонордуулах шаардлага тавьсан. Гэвч шаардлагын хариу биелэгдэхгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн тулган шаардсан арга хэмжээ авч эхэлж байна. Нэгдүгээрт, ахмадын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл, ахмадуудад баялгийн хишиг 1072 хувьцааны ногдол ашгийг олгох ёстой. Хоёрдугаарт, цэргийн тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, нийгмийн даатгалын тэтгэвэр гэсэн гурван төрөл байдаг. Цэргийн тэтгэвэр авагчдын хувьд хэд хэдэн асуудал тулгамдаж байна. Тухайлбал, оршуулгын зардал олгодоггүй, тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх заалтыг мөрддөггүй, насны ялгавартай ханддаг зэрэг нь Үндсэн хууль зөрчсөн, иргэдийг ялгаварласан асуудал гэж үзэж байна.
Иймд уг асуудлыг Батлан хамгаалахын сайд Засгийн газрын түвшинд онцгойлон авч үзэж, шийдвэрлүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна. Энэ нь боломжгүй зүйл биш. Жишээлбэл, ЖДҮ-ийн сангаас 3 хувийн хүүтэй зээлийг 40 хүнд нийт 40 тэрбум төгрөгөөр олгосон атлаа ахмадуудад 18 хувийн хүүтэй зээл олгож байгаад гайхаж байна.
Зээлийн хугацаа уртсах тусам хүү 24 хувь хүртэл өсөж байгаа нь ахмадуудад хүндээр тусдаг. Үндсэн хуулийн 16.5-д “баталгаатай нийгмийн халамж авах эрх”-ийг заасан байдаг. Өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн, хүүхэд асарч буй иргэн зэрэгт мөнгөн тусламж олгоно гэж хуульчилсан. Төр засаг иргэддээ үйлчлэх үүрэгтэй бол энэхүү тусламжаа бодитоор олгож, яаралтай дэмжлэг шаардлагатай хүмүүст анхаарал хандуулах ёстой. Бид төр засгийн золиос болж байна” хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүд “Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг тавьж, өнөөдрийг хүрлээ. Гэвч төр засаг одоог хүртэл бодитой хариу өгсөнгүй. Манай холбоо 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтлэг хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг байгууллага юм. Бид нийтлэг эрх ашгийн хүрээнд ахмадын тэтгэврийг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг удаа дараа тавьсан. Цаашид тэвчих боломжгүй болсон тул өнөөдрөөс эхлэн Ахмадын холбоог дэмжиж, хамтын тэмцэл хийхийг албан ёсоор мэдэгдэж байна” гэж ярилаа.
Энэ удаа ахмадууд дараах дөрвөн шаардлагыг тавьж байгаа бөгөөд үүнд:
- Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх,
- Цэргийн, нийгмийн даатгалын, халамжийн тэтгэвэр хэмээн иргэдээ ялгаварлаж буй тогтолцоог зогсоох,
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах,
- Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлж, байгууллага бүр ахмадын сан бүрдүүлэх зэрэг багтана.
Түүнчлэн “Бид ажил хийгээгүй хүмүүсийн тэтгэврийг нэмэхийг шаардаагүй. Харин улсад 30-40 жил шударгаар хөдөлмөрлөсөн атлаа тэтгэврийн доод хэмжээг авч буй иргэдийн хөдөлмөрийг үнэлэхийг л хүсэж байна” хэмээн онцолсон юм.
ЭДИЙН ЗАСАГ: Сар шинэ дөхөж буйтай холбоотой үнийн өсөлт явагдав уу гэлтэй. Махны үнэ өссөн төдийгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгджээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.5, өмнөх сарынхаас 1.1 хувиар нэмэгдсэн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7, үйлчилгээний бүлгийн үнэ 8.9, хүнсний бүлгийн үнэ 12.4, хүнсний бус бүлгийн үнэ 5.6 хувиар нэмэгдлээ.
Тухайлбал төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 9.4, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 10, төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 13.8, баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 6.3 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байв.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард 8.7 хувь байсан нь энэ оны нэгдүгээр сард 7.5 хувь болж, өсөлтийн хурд 1.2 нэгж хувиар багассан.
Инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 21.6 хувь буюу 1.6 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 51.3 хувь буюу 3.8 нэгж хувиар өссөн нь нөлөөлөв. Улсын хэмжээнд инфляц өнгөрсөн сард 7.5 хувь гарсны 44.9 хувь буюу 3.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 11.5 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ийнхүү нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.6, гэр ахуйн тавилга, ахуйн барааны бүлгийн үнэ 5.3, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.5, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.1, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 8.5, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8, бусад бараа, үйлчилгээний үнэ 8.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Өнгөрсөн сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 18.4 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 25.8, хонь, ямааны махны үнэ 17.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өсөхөд гурил, бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 7.7, гоймонгийн үнэ 16.8 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Үүнээс гадна Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ
2025 оны гуравдугаар улирлын байдлаар нийт өрхийн 72.7 хувь нь зээлтэй амьдарч байгаа нь ҮСХ-ны судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, 50-иас илүү хувь нь зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа гэсэн үг юм. Ингэхдээ зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг байна. Судалгаагаар зээлтэй нэг өрх сард дунджаар 1.3 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд буцаан төлж байгаа аж.
Өрхийн зээлийн эргэн төлөлтийг төрлөөр авч үзвэл,
- Тэтгэврийн зээлтэй өрх сард дунджаар 715.0 мянган төгрөгийг,
- Хэрэглээний зээлтэй өрх 899.4 мянган төгрөгийг,
- Цалингийн зээлтэй өрх 980.5 мянган төгрөгийг,
- Орон сууцны зээлтэй өрх 1.1 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байна.
Иргэдээс гадна улс орны өр зээл ч өсжээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.2 (3.8%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 386.8 (1.3%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 онд 31.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 онд 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 698.1 (2.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оноос 510.7 (5.3%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 1.3 (12.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 2025 онд нийт зардалд урсгал шилжүүлэг 37.6 хувь, бараа үйлчилгээний зардал 32.2 хувь, хөрөнгийн зардал 22.7 хувь, хүүгийн зардал 5.0 хувь, татаас 2.6 хувийг эзэлж байна.
Манай улсын гадаад өр 2025 оны эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Тодруулбал, 2015 онд 21.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан Монгол улс арван жилийн хугацаанд 40.4 тэрбум ам.долларт хүрчээ.
СПОРТ: Дархан аварга А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртлээ
Сар шинийн баярт зориулсан ахмадын бөхийн барилдаанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат түрүүллээ. Барилдааны дүнгээр Дархан аварга А.Сүхбат аймгийн арслан Ч.Эрдэнэчулууныг зургаа даван түрүүлсэн бол их шөвөгт аймгийн начин Б.Пүрэвсүрэн үлдлээ. Энэхүү барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Улсын начин Л.Цэвээн, Д.Цогзолдорж тэргүүтэй улс, аймгийн цолтой, 50-аас дээш насны 21 бөх зодоглосон юм.
Тус барилдаанд түрүүлсэн Дархан аварга А.Сүхбат “Монгол бөхийн өргөөнд барилдах шийдвэрийг өчигдөр л гаргасан. Хүү минь өсвөрийн барилдаанд зодоглохоор болж, тэр үеэр ахмадын барилдаан болох гэж байгааг мэдсэн юм. Ойрд барилдаагүй ч үеийн, хамт барилдаж явсан бөхчүүдтэйгээ барилдаж, хөлсөө гаргах бодолтойгоор бүртгүүлсэн. Идэр залуу нас минь дурсамж болон үлдсэн энэ Бөхийн өргөөнд дахин барилдсандаа баяртай байна. Намайг дэмждэг хүмүүс ирж баяр хүргэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Өдгөө Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудаас 55 удаа түрүүлсэн амжилтыг үзүүлсэн. Өнөөдөр тэр амжилтаа нэгээр нэмсэндээ баяртай байна. Удахгүй болох сар шинийн баяраар Монгол түмэн минь элбэг дэлбэг, сайхан шинэлээрэй. Сайхан амьдрахын ерөөлийг өргөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Сонирхуулахад, тус барилдаанд зодоглосон хамгийн ахмад бөх нь Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин Л.Цэвээн байсан бөгөөд тэрбээр ирэх аравдугаар сард 70 нас хүрэх юм.
Мөн өсвөрийн бөхийн барилдаан насны ангиллаар явагдаж, 15–16 насны ангилалд Увс аймгийн Тэс сумын харьяат А.Баяржавхлан түрүүлсэн бол 13–14 насны ангилалд Г.Түвшинтогтох, 11–12 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Х.Мөнхбаатар нар тус тус түрүүлж, уран барилдаанаараа үзэгч олны анхаарлыг татав.
СОЁЛ УРЛАГ: Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээв
Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d’Italia” төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна.
Энэ талаар Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр /2026.02.12/ болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгджээ.
Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.
Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртсэнээс гадна УДБЭТ-ын тайзнаа тоглосон “Травиата” дуурийн гол дүрийг амилуулж, тоглолтоо хийсэн юм.







