Ажиа Гэгээн Лувсантүвдэн: Залуу байгаа дээрээ л эрдэм сурах хэрэгтэй
2 цагийн өмнө

Хөх нуураас тодорсон монгол гэгээнтэн Ажиа гэгээн Лусвантүвдэнжигмэджамцын амьдрал, намтар, оюун санааны замналыг өгүүлсэн “Алтан бумбын алдуурал” номын нээлт боллоо. Энэхүү номын борлуулалтаас орох бүх орлогыг Энэтхэгийн Ладак хотноо орших ахмад настны асрамжийн газрыг засварлан сэлбэх буяны үйлсэд зориулах аж.
Тэрбээр “Би Монголд 2006 оноос эхлээд айлчилдаг болсон. Монголчууд ч намайг таньдаг болж, холбоотой байдаг болсон. Би Хөх нуурын монгол. Эхээс 11-үүлээ. 1950 онд төрсөн. Хоёр настай байхад минь Гүмбүм хийдийн лам нар Ажиа гэгээний наймдугаар хойд дүрээр залсан.
Гэгээнээр тодруулсны дараа Гүмбүм хийдэд шавилж суусан. Аав ээж, ах дүү нар маань ч хамт явсан. Хоёр ч ах минь хийдэд сууж байлаа. Тэгээд 1958 он хүртэл ном бичиг сурсан. 1958 онд Монголд 1937 оны хэлмэгдүүлэлт болсонтой адил үйл явдал тэнд болоод сүм хийдийг хааж, лам хуврагуудыг барьж шоронд хийсэн.
Миний багшийг, аавыг минь хүртэл шоронд хорьсон. Аав маань шоронд өөд болсон. Би хийдэд шавилж, лам хувцас өмсөх эрхгүй болж, Хятадын дунд сургуульд орж, улаан бүч зүүгээд, орос хэв маягаар хувцаслаж, орос хэл заалгаж байлаа. 1966 онд Соёлын хувьсгал эхэлж, асуудал бүр хурцадсан. Сүм хийдийг нурааж, бурхны номыг шатаасан. Лам нар алга болж, би 10 гаруй жил тариа тарьж амьдарсан. Багш нар маань тэр үед надад бурхны ном нууцаар зааж байлаа. Ном үзэж байна гэж мэдвэл шоронд хийнэ шүү дээ. Тэр үед багш маань зүгээр сууж болохгүй, ямар нэгэн юм сур гэж хэлж байсан юм. Одоо бол ийм завшаан хэн бүхэнд байгаа. Энэ завшааныг орхиж болохгүй. Залуу байгаа дээрээ л эрдэм сурах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.
Тэгж байгаад 1980 оноос Хятадад улс төрийн нөхцөл байдал бага зэрэг зөөлөрч, бурхан шашин, сүм хийдийг дахин сэргээж эхэлсэн. Тэр үед бурхны шашны нэг холбоонд намайг даргаар томилдог юм. Засгийн газраас нь тавьдаг байлаа.
Хэдэн жил тэнд суугаад, 1990 оноос Гүмбүм хийдийг дахиад сэргээж, долоон жил тэнд хамба лам байсан. ТөвFд, Монголд тэргүүн лам гурав л байдаг шүү дээ. Монголд өндөр гэгээн, Төвдөд Далай богд, Банчин богд бий. Нэг нь таалал болчихвол нөгөөх нь хариуцан хойд дүрийг нь тодруулдаг ёстой. Тэгтэл Банчин богд 1989 онд гэнэт таалал болж, Далай богд хойд дүрийг залах гэж байтал Тяньминд оюутны өнөөх айхтар бослого жагсаал болсон. Тэгээд Хятадад байдал хурцдаж, олон дарга нарыг халж сольж, шоронд заримыг нь хорьсон.
Банчин богдын хойд дүр тодруулах асуудлыг Далай богдтой холбоотой байж болохгүй гээд бүр хорьчихлоо. Тэр үед Банчин богдын хойд дүр хоёр болсон. Нэгийг нь Хятадын засгийн газраас, нөгөөг нь Далай богдоос тэмдэглэсэн. Далай богдын тодруулсан хүнийг мэдээж олон нийт шүтнэ шүү дээ. Хятадын Засгийн газраас Далай богдын тэмдэглэсэн хүнийг ээж аавтай нь сураггүй алга болгосон доо. Тэгээд намайг Банчин богдоор тодруулсан тэр хүүхдийн багш бол гэж тулгасан. Би багш болохгүй гээд нутгаасаа зугтаж, Америкт ирсэн учир ийм. Монголд ирсэн хойноо онгоцны буудалд буухад санаа сэтгэлд минь юу бодогдсон бэ гэвэл, бүгд монголоор ярьж байсан. Өөрийн нутаг гэдэг ийм байжээ гэж бодогдсон. Энэ номыг өмнө нь гаргахад таван хүн орчуулсан. Энэ удаа М.Саруул-Эрдэнэ ганцаараа орчуулсан" хэмээв.
Г.БАЛГАРМАА
Н.ЦОГЗОЛМАА
ӨДРИЙН СОНИН






