Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Энэ нь  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон хэмээн АТГ-аас мэдээлсэн юм. 

Тэгвэл энэхүү А гэгч хэн байв. 

Тэрээр Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн А.Алтангэрэл гэгч байжээ. А.Алтангэрэл нь өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сард уг албан тушаалд томилогдсон байна. Харин 2024 онд Худалдан авах ажиллагаан албанд ажиллаж байв.

Тэрээр ХОМ-дээ 1 жилийн 39 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 104 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн 529 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, гурван авто машинтай гэжээ. Ингэхдээ Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, RX 450- 1,Суудлын жижиг машин, BMW, 328I- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Subaru, Outback- 1 гэсэн бөгөөд 180 сая төгрөгийн үнэлгээтэй хэмээн мэдүүлсэн байна. Үүнээс гадна дотоодын хадгаламжинд долоон сая төгрөг, 20 сая төгрөгийн зээлтэй гэжээ.

Түүний эл мэдүүлгийн дагуу АТГ-ын мөрдөгчид нягталж, сүүлд авсан Lexus, RX 450 автомашиных нь эх үүсвэрийг шалгаж, тодруулж эхэлжээ. Гэтэл А.Алтангэрэл нь 45 сая төгрөгийн үнэлгээтэй автомашинаа хэрхэн, ямар мөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй учир улсын орлого болгон хураасан нь энэ аж.

ХУУЛЬ: Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” буюу албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45,000,000 төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс уг асуудлыг хянан үзэж, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 45,000,000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.