Ерөнхий сайд "Татварын багц" хуулиа эгүүлэн татав
2 цагийн өмнө

Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Их Хурлын даргын албыг хашиж байхдаа Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг (2025.12.30)-нд өргөн мэдүүлж байлаа.
Тэгвэл өнөөдөр Засгийн газраас энэ хаврын чуулганы хэлэлцэх тов руу оруулаад байсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох ААН-ийн орлогын албан татварыг өөрчлөх тухай, ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн хүсэлтээр эгүүлэн татлаа.
Энэ хуулийн шинэчлэл нь 13000 ААН-ийн 178 удаагийн уулзалт, 176,000 орчим иргэний саналыг авсны эцэст боловсруулж, нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан юм.
Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулахаар тооцжээ. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгох агуулга тусгасан байсан юм.
Өөр, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж 1 хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлнэ. Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байхаар тусгасан. Үүнд,
- 1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлттэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлнэ,
- Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг НӨАТ-ын хасалт хийх боломжийг хязгаарласан заалтуудыг өөрчилж бизнесийн үйл ажиллагаанд гардаг НӨАТ-ын хасалтуудыг зөвшөөрөх,
- Татварын өртэй татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байх,
- Үйлдвэр эрхлэгчдийн өмнө түгээмэл тулгамддаг асуудал болох түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг бүрэн шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлнэ зэрэг тодорхой шинэчлэлүүд байсан юм.







Зочин · 31 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh