УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.07/-ийн нэгдсэн хуралдааны эхэнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Үргэлжлүүлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын хэсгийн мэдээллээр 2025 оны байдлаар манай оронд 170 мянга гаруй бүртгэлтэй цусны донор байна. Мөн улсын хэмжээнд цус сэлбэлт судлалын 27 төвд 206 эмнэлгийн ажилтан цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчидтай адил онцгой нөхцөлд ажилладаг гэлээ. Цусны сийвэнгийн бүтээгдэхүүнийг - 86 хэмд хадгалдаг тул цус сэлбэлт судлалын төвийн ажилтнуудын ажиллах орчин “хүнд нөхцөл”-д тооцогддог байна. Тиймээс хуулийн төсөлд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгохоор тусгажээ. Хэлэлцэж буй хуулийн төсөл нь цусны доноруудыг олшруулах, цус сэлбэлт судлалын салбарт ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, гамшиг осол, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрэн шийдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Улсын УИХ-ын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлт, Эрүүл мэндийн яам болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалт нэг бүрээр томьёолж гаргасан зарчмын зөрүүтэй нийт 62 санал бүрээр санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Чуулганы төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 3 дугаар дүгнэлттэй танилцав. Мөн Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтыг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо.