“Street food” ажиллуулдаг 18 настай Б.Өрнөхбаяртай ярилцлаа.Тэрбээр хувийн бизнес эрхэлж, цахим сүлжээнд контент бүтээдэг билээ.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Будзааны Өрнөхбаяр гэдэг. Увс аймгийн Сагил сумын хүүхэд, 32 дугаар сургуулийг төгссөн. Одоо 18 настай.

-18 настайдаа бизнес хийхийн давуу болон сул тал юу байна?

-Миний хувьд 18 настайдаа бизнес эрхэлж байгаагийн нэг давуу тал нь олон нийтийн сүлжээнд бичлэг хийдэгтэй холбоотой. Бичлэгүүдийг маань үзээд, сонирхож ирдэг хүмүүс их байдаг. Сошиалд ойр байж, контентоор дамжуулан хүмүүст бизнесээ хүргэхэд давуу тал болдог.Харин сул тал нь амьдралын туршлага бага болохоор хэцүү зүйлүүдтэй нүүр тулж байна. Тиймээс томчуудаас зөвлөгөө авч, мэдэхгүй зүйлээсээ туршлага хуримтлуулж, суралцаад л явж байна даа.

-Анх хувийн бизнестэй болох гол шалтгаан тань юу байсан бэ?

-Багаасаа өөрийн хөдөлмөрөөрөө мөнгө олж, санхүүгийн хувьд бие даасан хүн болохыг хүсдэг байсан. Тиймээс 14 настайгаасаа эхлээд зуны амралтаараа барилгын ажил хийж, өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олж эхэлсэн. Тэр үеэс л “Цаашдаа өөрийн гэсэн бизнестэй болбол ямар вэ” гэж боддог болсон. Өөрийнхөө хөдөлмөр, санаачилгаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж бодсон юм л даа. Энэ санаагаа аавдаа хэлж, өөрийн гэсэн бизнес эхлүүлэх хүсэлтэй байгаагаа ярилцсан. Аав маань миний санааг дэмжиж,“Street food” ажиллуулахыг санал болгосон юм. Миний хувьд бизнес гэдэг зөвхөн мөнгө олох тухай биш, мөнгө болон хариуцлага гэж хэлмээр байна. Өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн цагаас эхлээд орлого олохоос гадна гаргасан шийдвэр бүрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг болсон.

Анх 30 орчим сая төгрөг зарцуулсан. Энэ бол аав, ээжийн намайг их сургуульд сургахад зориулж байсан мөнгө. Түүгээрээ өөрийн гэсэн бизнес эхлүүлж, цаашдаа бизнесээсээ олсон орлогоор сургалтын төлбөрөө өөрөө төлөхөөр шийдсэн.

-“Street food”-ээ хэзээнээс эхлүүлэв?

-Анх чиргүүлээ байрлуулаад, ундаануудаа өрж байхад нэг ах ирээд “Ундаа авъя” гэсэн юм. Тэр үед би ундааныхаа үнийг ч хараахан шийдээгүй байсан болохоор тэр ахтай ярилцаж байгаад л зарчихсан.Дараа нь ундаагаа татаж авдаг газраасаа “4000 төгрөгөөр зардаг” гэж сонсоод адилхан үнээр зарж эхэлсэн. Гэтэл ундаа авсан хүмүүс гайхаад л. Тэгээд сүүлд нь 3000 төгрөгөөр зардаг байсныг мэдсэн. Анхны өдрөө л үнийн талаар будилж, хөгтэй ч гэмээр юм уу, жаахан тэнэг гэмээр ч юм уу нэг тийм явдал болсон доо.

“Street food”-ээ арай эрт эхлүүлэхээр төлөвлөж байсан. Гэхдээ арванхоёрдугаар ангиа төгсөөд ЭЕШ-даа бэлдэх, дараа нь наадам гээд нэлээд олон ажил давхацсан юм. Тэгээд бэлтгэл ажлуудаа дуусгаад, энэ оны долдугаар сарын 26-наас “Street food”-ээ нээсэн. Хэдийгээр анх төлөвлөж байснаасаа хожуу эхэлсэн ч өөрийнхөө зорьсон зүйлээ эхлүүлж чадсан нь миний хувьд их чухал байсан.

-Бизнес хийж эхлэх үед хамгийн түрүүнд бодогдсон зүйл юу байсан бэ?

-Хамгийн эхэнд үйлчлүүлэгчид ирээд тав тухтай, сэтгэл хангалуун үйлчлүүлээсэй гэж бодсон. Зөвхөн хоолныхоо амт, чанарт анхаарахаас гадна хүмүүс сууж хооллоход тухтай орчин бүрдүүлэхийг хүссэн.

Тиймээс орчноо зүлэг дэвсээд л хөөрхөн тохижуулсан. Миний хувьд үйлчлүүлэгчид хоолоо идээд явах биш, энд дахин ирмээр санагдах тухтай орчин бүрдүүлэх нь чухал байсан.

-Бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ?

-Дампуурахаас их айсан. Учир нь анх удаа бизнес эхлүүлж байгаа болохоор хөрөнгө оруулсан мөнгөө бүрэн нөхөж чадах болов уу, зардлаа дааж чадах болов уу, хүмүүс хэр их үйлчлүүлэх бол гээд нэлээд их зүйл бодсон. Ялангуяа хоолны бүтээгдэхүүн учраас өдөр тутмын зардал болон орлогоо зөв тооцоолох нь чухал байв. Хоолны борлуулалт хангалттай байх болов уу, бизнес маань ашигтай ажиллаж чадах болов уу гэдэгт хамгийн их санаа зовж байлаа.

Бизнесээ эхлүүлэх явцад зөвшөөрөл авах зэрэг тодорхой хүндрэлүүд гарсан ч тухайн үед Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн Үйлдвэрлэл, инновац хариуцсан мэргэжилтэн Б.Дөлгөөн ах маань их тусалж, дэмжсэн. Мөн хамт олонд нь талархаж байгаа. Түүнээс гадна ээж маань өдөр бүр ирж, ажилд минь тусалдаг. Бизнесээ эхлүүлэхэд дэмжсэн гэр бүл, хамаатан садан болон найз нөхдөдөө баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

-Амьдралын хэв маягт өөрчлөлт гарсан уу?

-Тодорхой хэмжээний орлого олж байгаа нь сайхан санагддаг. Гэхдээ үүний хажуугаар цаг наргүй ажиллах шаардлагатай болсон нь нэлээд хэцүү байгаа. Өмнө нь өөртөө илүү их цаг зарцуулж, найзуудтайгаа уулздаг байсан.

Одоо харин ихэнх цагаа эндээ л өнгөрөөж байна даа.

-Цахим сүлжээнд бичлэг хийх санаагаа яаж олов?

-Анх зүгээр л өөртөө челленж хийх зорилгоор бичлэг хийж эхэлсэн. Бичлэг хийж эхлээд хоёр жил орчим болж байгаа. Хийсэн бичлэг маань олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Дараа нь үзэхэд нэлээн их хандалт авсан байсан. Тэр үед “Өө, хүмүүс үздэг л юм байна шүү дээ” гэж бодоод улам сонирхож эхэлсэн. Тэгээд янз бүрийн зүйл туршиж, хөгжилтэй бичлэгүүд хийсэн юм. Одоо бичлэг хийх нь өдөр тутмын зүйл болчихсон. Хамгийн инээдтэй нь зарим бичлэгээ ач холбогдол өгөлгүй, зүгээр л санаанд орсноороо хийчихдэг. Тэгээд оруулсныхаа дараа үзэлт авахгүй байх гэж бодсон ч эсрэгээрээ хандалт их байдаг. Харин “Энэ удаа ёстой гоё бичлэг хийлээ” гээд зөндөө хичээж, олон удаа авч, эвлүүлсэн ч төдийлөн олон хүнд хүрэхгүй үе бас бий.

-Бизнесээ эхлүүлснээс хойш мөнгөнд хандах хандлага чинь хэр өөрчлөгдсөн бэ?

-Би 14 настайдаа барилга дээр ажиллаж, өөрийн хэрэглээний мөнгөө олдог байсан. Тэр үед санхүүгийн боловсрол дутмаг байжээ. Харин одоо хувийн бизнесээ эхлүүлснээс хойш мөнгөний үнэ цэнийг илүү ухаарч байна. Тиймдээ ч олсон орлогоо юунд, хэрхэн зарцуулахаа нухацтай төлөвлөж, зарлагаа хянаж, аль болох хэмнэхийг хичээдэг болсон.

 

 

 

Г.НОМИН

Б.АЛТАНЗУЛ

ӨДРИЙН СОНИН