Карьерын оргилд хүргэсэн журмын нөхдөдөө баярлалаа гээд мөргөж суусан С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сэнтий мөрөөдөөд юу ч хийхэд бэлэн болжээ...
40 минутын өмнө

Эдүгээ үеийн хоёр чухал юмны талаар өөрөө тэнэж тэвээрч яваад сонссоноо, өрөөлөөс тавилттай тавилтгүй сонсогдсоныг хэрхэн базаж ойлгосноо хэлж гаргах санаатай.
Энэхүү хоёр юм нийлж явсаар нэгдүгээрт: Хэл ам үүсгэсэн 26 оны төсвийн тодотгол, 27 оны төсөвтэй, хоёрдугаарт: 27 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож.
Энэний эх суурийг засаг тавьсан. Шулуухандаа: Засаг завааруулсан. Засаг 26 оны 8 сарын 31-ний хурлаараа УИХ-д өргөсөн 27 оны төсвийн тодотгол, 28 оны төсвийн төслийг хэлэлцээд, тэрнийгээ тэр өдрөө УИХ-д өргөсөн. Энэ дээр: Нэгдүгээрт: Оюутолгойн ноогдол ашиг авлаа, таанууст сайхан тарааж өгнө гэж. Хоёрдугаарт: “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй болгоно, таануус хувьцаагаа яахаа мэд гэж. Гуравдугаарт: Тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлогыг төсөвт төвлөрүүлнэ гэж. Дөрөвдүгээрт: Цалинг салбар болгонд 30-50 хувь нэмнэ гэж. Янзын гоё сонсдов. Гэвчиг: Оюутолгойн ноогдол ашиг гээчээр “Онтрэ”-г солиод, эдүгээ ухуулсан ч байж болзошгүй. Шалгах шаардлагатай. Өөр нэг юм нь: Энэхүү Оюутолгойн ноогдол ашиг гэгч ердөө л нэг удаагийн орлого. Энийг төсөв дэх байнгын зардал болгочхоор дараа нь яаж даах вэ. Машид ноцтой юм нь энэ. Мөнхүү: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа тарааж, зарна уу байна уу өөрснөө мэд гэдэг бол шуудхан Тавантолгойд шунадаг бизнесүүдэд хувьчлах нь гэж сонсдох. Тэрэн дээрээ тулвал IPO гаргах жанцантай. Тэгж л Тавантолгой зөв явна. 19 онд IPO гаргах тусдаа компани хүртэл байгуулаад явц дундаа унаж зогссон. Энийг явуулахгүй зогсоох үл мэдэгдэх хүчин буй хэрэг. Тэр л эдүгээ тултлаа зүдэрсэн ардуудад тараасан хувьцаа гэгчийг хямдхаан аваад хүссэндээ хүрэх санаа даг. Төрийн өмчийн хэдэн компанийн ашгийг төсөв рүү татна гэсэн, бас. Ашгийг нь төсөв рүү хураавал компани ашиггүй ажиллаж, төрийн өмчит компаниуд гэж байх шаардлагагүй болно. Зорилго нь энэ шиг. Шулуухандаа хувьчлал. Хамгаас заваан нь цалинг нэмдэг тогтсон аргыг зөрчиж. Уул нь инфляцийн түвшин дээр 3 хувийг нэмж тооцож өсгөдөг эдийн засгийн арга байх. Тэрүүгээр бодит худалдан авах чадварыг хамгаалах, амьжиргааны түвшнийг тогтвортой хадгалах арга буй. Эдүгээ Монголбанк: Инфляци 13 гэж тоолж. Энэ дээр нэмэх 3 гэхээр 16 хувиар нэмэх байтал нь 30-50 хувиар нэмэх болж. Энийгээ Оюутолгойн нэг удаагийн ноогдол ашиг гэгчид дулдуйдаж хийх нь дефолтын эрсдэлтэй. Базах нь ээ: “Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй болж, дефолт зарлах суурийг засаг тавьж. Ард нийтийн хожмыг улсынхтай базаад ийнхүү хаясны зорилго нь гагц засгаа л үлдээх. Энийг эдийн засагч болгон хэдэн хоногийн туршид сануулан хэлж. Тэгэхлээр ядах нь ээ: Насаараа наймаа бизнес хийж, улс төрд явсан УИХ-ын дарга С.Бямбацогт энийг анзаарч төслүүдийг буцаах жанцантай байж. Гэсэн нь: Тэрбээр тэгэлгүй энийг хэлэлцэх чуулганыг зарлаж. Энэ дээр АН шийдэл гаргаж 5 дахь өдөр удирдлагууд нь, УИХ дахь намын бүлгийн гишүүд нь оролцож шуурхай хуралдаж. Тэд нар: УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар Цэцэд хандахаар шийдвэрлэж. Жанцан нь: УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэж. Засгаас УИХ-д өргөсөн 26 оны төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудлууд гарч. Гэтэл нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж хувирч. Тиймийн учраас Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг тавихаар шийдвэрлэсэн нь зүй ёсны асуудал гэж үзэж. Нэг талаасаа энэ. Өөр нэг талаасаа: УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сэнтий мөрөөдөөд юу ч хийхэд бэлэн болж. Гэж ойлгогдох. Уул нь тэрбээр 26 оны дөрөвдүгээр сарын 2-нд МАН-ынхаа бүлгийн хурал дээр: Намайг УИХ-ын дарга болгосон журмын нөхдөдөө баярлалаа, карьерынхаа оргилд хүрлээ гэж мөргөх нь халаг байсныг тэр үед тамхины цэгээр яриад л байж уу. 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд нэгдсэн чуулганаар орж томилогдоод: Энэ ташрамд миний бие УИХ-ын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье гэж байсан нь УИХ-ын чуулганы протокол, албан мэдээний дунд үлдэж. Өөрөөр: С.Бямбацогтод УИХ-ын даргын суудлаас Ерөнхийлөгчийн сэнтий ойр харагдаж. МАН-аас нь түүнийг хуучны М.Энхболдын талын Ж.Батжаргал, З.Мэндсайхан, Л.Энх-Амгалан зэргээс эхлээд гишүүд дэмжиж буй гэх. Тэгээд л УИХ-ын дарга болохдоо өгсөн өчиг амлалтуудаасаа буцах болж. Басхүү тэрбээр: МАН-аас татгалзана гэж УИХын дарга болсныг хотол даяараа харж байв. Тэрнээс бас бултаад үлдэж. Ерөнхийлөхөд: таван сарын өмнө МАН-аас татгалзана гээд УИХ-ын дарга болсон С.Бямбацогт эдүгээ МАН-аас дэвшиж Ерөнхийлөгч болно гээд гүйж эхэлж. Тэгснээ: АН-ын энэхүү Цэцэд өгөх шийдийг захиалж зохион байгууллаа гэж Сангийн сайд асан, эдүгээ ТББХ-ны дарга хийж байгаа Б.Жавхланг хардаж. АН шиг том нам захиалгаар С.Бямбацогтыг Цэцэд өгнө гэж юу байхав, Б.Жавхлан ч тийш холбогдож захиална гэдэг юу л бол, бүтэшгүй. Хэсэг хугацаанд түүнийг: Ерөнхий сайд болох нь гээд байснаа Ерөнхийлөгчид явах хүний нэгээр тодруулж. Уулаасаа: Б.Жавхлан улс төрийн туршлага, эдийн засгийн мэдлэг өндөр. Эдүгээ Монгол Улсын явж орчхоод буй улс төр, эдийн засгийн мухраас гаргах хүний нэг мөн. Б.Жавхланг УИХ дахь намынх нь бүлгийн хүчтэй нөлөөтэй гишүүд дэмжиж буй гэх. Гэлээ гэхдээ МАН-аас 27 онд дэвшихээр гагц идэвхийлэн тийчилж буй УИХ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Г.Занданшатар буй. Гэвчиг: Г.Занданшатар энэхүү сонгуулийн панчаан шахуу байсан нь ойрмогхоноос ойлгогдож буй. Өөрөө ч энийг мэдсэн гэх. Г.Занданшатар: Намайг дэвшүүлнэ гэж Ерөнхий сайдаас буулгачхаад одоо ингэж байгаа бол ИЗНН-аас өрсөлдөөд та нарыг унагаана шүү гэж. Тэгээд ИЗНН-ын Б.Батбаатартай хэд гурав уулзаж. Энэ гурав дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр нэмж сонсдох болж.
Өөрөө энэнтэй холбоотой үйлдэл явдал хийхгүй ч түүнийг намынх нь генсек, мөнхүү залуу гишүүд нь дэмжиж буй гэх. Гэж улс төрийн тамхины цэгээс сонсдох. Базах нь ээ: Засаг унахгүйн төлөөнөө эдийн засгийг мөрийнд тавьж, энэ дээр нь Ерөнхийлөгчийн сэнтий мөрөөдсөн УИХ-ын дарга нүдээ аньж, энэнтэй зэрэгцээд МАН-аас Ерөнхийлөгчид үзэхээр зүтгэгсэд хоорондоо тулаад, эдгээрийн эцэст ард нийт зүдрэн зовох орчин бүрджээ, хөөрхий...
Ө.БАТБИЛЭГ






