"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"
47 минутын өмнө
Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын хуулийн фермийн хуульч нь дараах мэдээллийг өглөө.
"Барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна"
Монсудар хэвлэлийн газрын хуульч "Тендерийн захиалагч нь Боловсролын Ерөнхий Газар юм. Өнөөдрийг хүртэл тендер удсан гол шалтгаан нь захиалагч байгууллагын үнэлгээний хорооны мэдлэг, ур чадвар, мэргэшсэн байдалтай нь шууд холбоотой.
Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч батална гэж заасан. Гэтэл анх боловсруулсан тендерийн баримт бичгийн 80 гаруй хувь нь сүүлд болсон тендерээс өөрчлөгдлөө. Яагаад ингэж өөрчлөгдөв.
Анхнаасаа тендерийн баримт бичгийг тооцоо судалгаанд үндэслээгүй. Тухайн баримт бичгийг боловсруулах ур чадвар, мэргэшсэн хүмүүсээр удирдуулан зохион байгуулаагүйн үр дагавар өнөөдөр бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр сурагчид сурах бичиггүй, нэг удаагийн дасан зохицуулах хөтөлбөр нэртэй гарын авлагыг хэрэглээд явж байгаа.
Жишээлбэл тендер удсан гол шалтгааны нэг нь захиалагч байгууллагын даргын мэргэшсэн байдал, ур чадвар зэрэгтэй холбоотой байна уу гэж харж байгаа.
БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу гэдэг нь эргэлзээтэй.
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу тэргүүн түшмэлийн албан тушаалд тус албан тушаал нь хамаарахаар байгаа бөгөөд 23.2.1-т эрхэлсэн түшмэлийн албан тушаалд зургаагаас доошгүй жил ажилласан байж тэргүүн түшмэлд томилогдохоор байгаа юм. Гэтэл даргын эрхэлсэн ажил албан тушаалын түүхээс харахад дөрвөн жилийн хугацаанд эрхэлсэн түшмэлийн ажлыг гүйцэтгэжээ. Хэрхэн яаж дүйцүүлж өнөөдөр БЕГ-ын даргаар томилогдсон нь тодорхойгүй.
Түүнээс гадна тус дарга төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.6-д заасны дагуу үнэлгээний хороонд сурах бичигтэй холбоотой асуудлаар мэргэшсэн хүнийг томилж ажиллуулсан юм уу. Энэ үнэлгээний хороонд ямар хүмүүс байгаа юм бэ гэдэг нь асуудалтай.
Сурах бичгийн мэргэшсэн ахлах мэргэжилтнүүд байдаг уу гэдэг асуулт хамгийн том асуудал болж байна.
Бидний сонсож ойлгосноор барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох энэ үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна. Юу хийж явааг нь бид ойлгохгүй байна.
Цаашилбал сурах бичгийн тендерийг шалгаруулахад тендерт материал ирүүлсэн оролцогч нарын оюуны өмчтэй холбоотой асуудлын талаар авч үзье.
Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 11.4-т зааснаар Ерөнхий боловсролын сурах бичгийг ашиглах онцгой эрх нь Боловсролын Яаманд байхаар заасан.
Гэтэл 2024-2025 онд татвар төлөгчдийн 6.7 тэрбум төгрөгөөр боловсруулсан туршилтын сурах бичгийг оролцогч компаниудаас өөрсдийнхөө зохиосон сурах бичиг байж болзошгүй мэтээр оруулж ирж байгаа нь эргэлзээтэй. Тэр хүмүүсийн гарт яаж эдгээр сурах бичгийн агуулга очсон юм бэ. Энэ мэтээр оюуны өмчийн зөрчилтэй байж болзошгүй асуудал гарч байна" гэлээ.







