Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
55 минутын өмнө

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын багийнхан замдаа гацаж, онгоцондоо 48 цаг сууж байгаад буцаж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хэдийгээр одоо тэр багийнхан Суданд очоод байгаа боловч наана нь яагаад ийм хэрэг явдал болсон талаар таг чиг. Бараг нуугаад өнгөрч байгаа бололтой.
Албаны эх сурвалжаас асууж тодруулахад “Тухайн бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдал эсвэл МИАТ болон НҮБ-ын нислэгийн зөвшөөрөл, зохицуулалтаас шалтгаалсан саатал гарч болно. Агаарын хилийн зөвшөөрөл ирээгүй байсан. Энхийг сахиулагчдад хүндрэл бэрхшээл гараагүй. Өмнө нь ийм тохиолдол огт гарч байгаагүй. Энхийг сахиулагчдын ээлж солилцох, ажиллагааны бүс рүү зорчих хөдөлгөөн нь НҮБ-ын нэгдсэн зохион байгуулалт, батлагдсан төлөвлөгөө, нислэгийн хуваарийн дагуу явагддаг. Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалах яамнаас энэ тал дээр тогтмол хяналт тавин ажиллаж байгаа” гэсэн байсан. Бараг л сүртэй юм болоогүй гэсэн янзтай.
Гэтэл бүхэл бүтэн онгоц дүүрэн энхийг сахиулах багийнхан өөр улсын хил дээр 48 цаг саатна гэдэг Монгол Улсын Батлан хамгаалах яам ямархуу янз төрхтэй ажиллаж байгаагийн тод баримт юм. Арав гаруй цаг онгоцоор нисэж очоод, өөр улсын хил дээр онгоцноосоо ч буулгүй 48 цаг сууна гэдэг энгийн хүнд бол сэтгэл санаа, бие физиологид маш хүнд тусна. Харин үүнийг “Энхийг сахиулагчдад бол хүндрэл бэрхшээл биш” гэж албаныхан үздэг юм байна.
Тэгвэл цэрэг, армийн бүх ажиллагаа нь тогтсон дэг сургуультай, түүнийг ягштал биелүүлэх дүрэм заавартайгаа байдаг биз дээ. Ялангуяа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох баг бүрэлдэхүүн гэнэтийн ийм байдалд орж, 48 цаг онгоцондоо гацна гэдэг Батлан хамгаалах яамныхан, түүнийг толгойлж байгаа сайд Д.Батлут нь ажлаа хийж чадаагүйн баталгаа болж байна. Энхийг сахиулах багийнхны Судан хүртэлх хугацааг цаг минутаар нь төлөвлөж, гарч болох хүндрэл бэрхшээлийг урьдчилан тооцож, асуудлыг шийдэх баг бүрэлдэхүүн, авах хэмжээний хурд Д.Батлут сайд болон албатуудад нь алга. Өнгөрсөн борооны араас цув нөмрөв гэгчээр бүх зүйл болж дууссаны дараа яам нь сүрхий хяналт тавин ажиллаж байгаа юм байна.
Ийм Батлан хамгаалахын сайд, ийм яамны албаттай байхын хэрэг байна уу. “Өмнө нь ийм тохиолдол огт гарч байгаагүй” гэж гайхуулсан байх юм. Өмнө нь ч, одоо ч, дараа нь ч ийм байдал гаргахгүйн төлөө ажиллах ёстой баймаар. Нэг зүйлийг олон удаа хийхээр бүр л төгс төгөлдөр болдог атал манайд эсрэгээрээ болох юм. “Ирж л байдаг, явж л байдаг энхийг сахиулагчид” гэдэг байдлаар ажилдаа хайнга ханджээ. Өнөө сүрхий цэргийн хяналт, төлөвлөлт хаана байна вэ. Эсвэл Д.Батлут сайдын өнгөн дээр батлан хамгаалах салбарын ажил ингэтлээ, уланд ортлоо унав уу.
Энэ янзаараа бол муу зүйл боллоо гэхэд Д.Батлуттай дайнд орвол 30 минут л тэсвэл их юм байна.
Д.Ариун
ӨДРИЙН СОНИН






