Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэ сарын 6-10-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газар, Соёл Спорт Аялал Жуулчлалын яам, Монголын Үндэсний Олимпийн хороо, Ховд аймгийн Засаг Даргын Тамгын газар хамтран “Ховд-2014 бага олимп” спортын наадмыг зохион байгуулж байна.

Уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү спортын наадмыг Ховд аймгийн хөгжлийн төлөө сан санаачлан, зохион байгуулж байгаа бөгөөд спортын 14 төрөлд нийт 1500 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлжээ.

90 хүнээс бүрдэх шүүгчдийн бүрэлдэхүүнийг ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Ерөнхий дасгалжуулагч А.Басхүү удирдах аж. Амжилтын оргил өөд уриатай бага олимпийн зорилго нь иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачлага, оюун ухаан сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг хөхүүлэн дэмжих, үндэсний спортын орхигдож буй төрлүүдийг сэргээн өвлүүлэх, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино. Спорт бол эрч хүчний билэгдэл, олимпизм бол эв нэгдлийн билэгдэл. Өөрөөр хэлбэл, спортоор хичээллэх нь иргэдийн хувьд эрүүл мэндийн ач холбогдолтой бол дэлхийн нийт хүн төрөлхтний тухайд эв нэгдлийг илэрхийлсээр ирсэн түүхтэй. Энэ нь олимп, олимпизмийн үзэл санаагаар дамжин илэрдэг билээ.

Олон ястны өлгий нутаг, баруун бүсийн тулгуур төв ховдчуудын тухайд “Ховд-2014 бага олимп” спортын наадам нь чухамдаа иргэдийн бие бялдарын боловсрол, соёлын төлөвшилтийг дэмжих, баг хамт олны нэгдмэл байдал, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх үндсэн зорилготойгоор Монголд анх удаа Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, цаашид олимпийн циклээр уламжлал болон зохион байгуулагдаж байхаар болсон нь олон талын ач холбогдолтой, олон нийтийг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж байна. “Амжилтын оргил өөд” уриатай бага олимпийн билэгдэл нь Дэхийн Улаан номонд орсон Алтайн аргаль. Нэн ховордсон, зөвхөн Алтайн хязгаар, уулархаг нутагт амьдардаг энэхүү амьтнаар билэгдэл, логогоо хийсэн нь ховордож буй энэ амьтныг хайрлан хамгаалах, үүгээр дамжуулан эх дэлхий, онгон байгалиа хамгаалах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго агуулж байгаа нь бас нэг том онцлог юм.

Бага олимп спортын дараах төрлүүдээр болж байна. Үүнд 1. Үндэсний бөх 2. Жудо бөх 3. Чөлөөт бөх 4. Волейбол 5. Сагсан бөмбөг 6. Ширээний теннис 7. Хөнгөн атлетик 8. Олс таталт 9. Нийтийн биеийн тамир 10. Халх сур харваа 11. Шатар 12. Даам 13. Урианхай сурын харваа 14. Хөлбөмбөг