Монгол Улсад ажиллаж байгаа хятад иргэд байнга хууль зөрчих тохиолдол гарах болов. Өнгөрсөн сард ажлын хөлсөө авч  чадаагүй хэмээн 100 орчим хятад ажилчид хууль бусаар жагсаал зохион байгуулахыг завдсан.

Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт өөр нэг барилгын компанийн хятад ажилчид цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж багагүй маргаан дэгджээ.  Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо “Их өргөө” компанийн барилга дээр олон тооны хятад иргэн ажилладаг юм байна. Эх сурвалжийн хэлснээр өнгөрсөн лхагва гаригийн 19:00 цагийн үед тэнд ажилладаг хятадуудын нэг нь монгол орчуулагч эмэгтэйг зодсоноос хэрэг мандсан гэнэ. Барилгын талбайн дэргэд сагс тоглож байсан хэсэг залуус монгол эмэгтэйд гар хүрснийг харж хятадуудтай маргалдаж эхэлжээ. Цагдаагийн ажилтнууд шуурхай ирсэн ч тэдэн рүү хятадууд барилгын төмөр, хуванцар сав зэргээр нүүлгэж эхэлсэн гэнэ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас хүч нэмэг­дүүлэн ажиллаж 29 хятад иргэнийг түр саатуулжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.