Сэтгэгдлийн харилцааг зохицуулах нэрээр ард түмний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж , мэдээллийн хэрэгслийг хаах хязгаарлах оролдлого хийж ирсэн ХХЗХ энэ удаа “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-аа “Вэбсайт эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлага”-тай нэгтгэн нэгэн шинэ журам “төрүүлэхээр” зэхэж байна.

Энэ журам нь өнгөрсөн сард “ХААН” жимс амралтын газрыг ХХЗХ хууль бусаар хаасан үйлдлийг сайтууд эсэргүүцсэнээс улбаатайгаар зөвхөн “ХААН” жимс амралтын газарт зориулагдсан бололтой зүйл заалтуудтай хүртэл байх юм. Тухайлбал төслийн 9.4-т “Зохицуулах хороо нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан ёсны мэдэгдэл, албан бичигт үндэслэн мэдэгдэл хүргүүлэхгүйгээр вэбсайтын хандалтыг нэн даруй Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлаж болно” гэжээ.

Энэ эрх бүхий байгууллага гэдэг нь хэн бэ? Юу вэ? Засгийн газар уу, Ерөнхий сайд уу? Лав шүүх, хууль хяналтын байгууллага гэж ойлгогдохгүй байна. Бас юу ч ирсэн байлаа, мэдэгдэж байж шийдвэр гаргах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ингэж хандахыг хэн найр тавьж зөвшөөрөөд байгаа юм бэ?

Үүнээс гадна уншигч та, өөрөөр хэлбэл монгол хүн та хаанаас ч, ямар ч үг хэлж, интернетийн орчинд үзэл бодлоо илэрхийлж болохгүй. Тэр бүгд чинь энэ журмаар хянагдана. Бүх сайт IP хаягийг чинь бүтнээр нь ил харуулж, та бүх сайтад username хийж буюу хэрэглэгчийн нэр, нууц үгээр нэвтэрч орно. Таныг “Хаан” жимс амралтын газрын тухай таагүй ганц л сэтгэгдэл үлдээвэл шууд таньж олох болно.

Ийм л журмын төсөл биднийг чиглэн “хийсч” айсуй. Энэ төсөл Архангайд гарсан “хар салхи” шиг хэвлэл мэдээллийн хэрэгслийг, хүмүүсийн үг хэлэх эрх, эрх чөлөөг “сорох”-оор, жам ёсны хөгжлөөр, зах зээлийнхээ зохицуулалтаар торниж буй хөрсийг нь “эргүүлэх”-ээр ирж байна. Ардчилсан Монгол улсад, хөгжлийн төлөө зорьж яваа хүн ардад маань ийм “Хар мөр дагуулсан журам” хэрэггүй. Хэрэв үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд хязгаарлалт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хууль л гаргахыг зөвшөөрдөг Олон улсын пактыг уншиж үз Харилцааны Холбооны Зохицуулах Хорооны эрхэм дарга аа. ХХЗХ мянган ч журам баталж, мянган ч зохицуулалт хийж болно. Тэгэхдээ “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт”-д заасан “Хязгаарлалтыг зөвхөн хуулиар тогтооно” гэснийг танай байгууллага, та өөрөө давж гарч болохгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд халдсан маш олон заалт бүхий “Хар мөр дагуулсан журам”-ыг батлуулахгүй байхын төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд, эвсэл холбоод, энэ салбарт ажилладаг сэтгүүлч, сурвалжлагчид өөрсдийн үнэнч уншигч, үзэгч, хэрэглэгчидтэйгээ нэгдэж тэмцэх болно.

Журмын төслийг бүрэн эхээр нь нийтлэв.