Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас намынхаа анхан шатны гишүүдэд зориулан “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийг нийт 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Одоогоор 11 аймгийн 172 сумын анхан шатны 4000 орчим гишүүнд энэхүү сургалт, хэлэлцүүлэг амжилттайгаар хэрэгжиж, үр дүнгээ өгсөн дүн мэдээ байна. Нийслэлийн алслагдсан дүүргийн нэг болох Багануур дүүрэгт энэ сарын 22-ны өдөр АН-ын Нарийн бичгийн дарга Э.Батсууриар ахлуулсан баг тус дүүргийн 100 гаруй гишүүдэд дээрх сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалтанд багаар хамтран ажиллах, багийн дотор ямар байр суурь эзлэх, тэдгээрийг танин мэдэхээс гадна Ардчилсан намын түүх, эв нэгдлийн талаарх сургалтууд зохион байгуулагдсан нь ихээхэн ач холбогдолтой болсон талаар гишүүд хэлж байв. Мөн Багануур дүүргийн намын гишүүдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгээр ололт, амжилтуудаас гадна намын үйл ажиллагаанд бүтээлч санаа, шүүмжүүдийг тусгасан нь цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ач холбогдол өгсөн байна.  Хотын ачааллыг сааруулах хамгийн чухал зүйл бол хотын захын дүүргүүдийн хөгжил юм. Багануур дүүрэг нь хэдий алслагдсан дүүрэг боловч сүүлийн жилүүдэд хүн ам эрчимтэйгээр төвлөрч, оюунлаг, шинжлэх ухааны хот болохоор зорьж байна. Үүний тулд Аюулгүй эрүүл ногоон хот, Амьдрах таатай орчин бүрдүүлсэн хот, Сайн засаглал, эрх зүйн орчин бүрдсэн хот, Эрчимтэй технологи хөгжлийн дагуул хот, Жуулчдын сонирхол татсан Азийн аялал жуулчлалын төв хот, Дэлхийн хөгжингүй орнуудын нийслэлийн түвшинд хүрсэн төв хот болох үндсэн зорилтуудыг тавьжээ.  Дээрх томоохон зорилтуудын суурь тавигдаж эхэлсэн талаар Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж танилцууллаа. Үүнд Үйлдвэр технологийн паркийн Техник эдийн засгийн үзүүлэлт хийгдсэнээс гадна оюутны хотхоны асуудал эрчимтэй явагдаж, амжилттай үргэлжилж байгаа аж. Мөн дүүргийн 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө энэ сард батлагдахаар болсныг дуулгалаа.