-"Есдүгээр сарын 1" ерөөсөө бидний баяр-

Өнөөдөр "Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр" гэдэг үг хэн бүхний санаанд бууж байгаа биз ээ. Энэ үг өдөр болгон санаанд орж ирээд байдаггүй гэдгийг та бүхэн анзаарсан бизэ. Яагаад ч юм "Есдүгээр сарын нэгэн" хүн бүрийн сэтгэлд хоногшсон дурсамжтай мөчийг мөнхлөн үлдээсэн болохоор тэр. Зуны амралт шувтарч, ээж аав хичээлийн бэлтгэлээ хийе хэмээхэд сэтгэл хөөрөн баясдаг. Хичээл орох урьд орой нь сэтгэл догдлоод маргааш шинэ хувцасаа өмсөөд сургуульд явна гэхээр л хөл газар хүрэхгүй хөөрцөглөн гүйдэг. 

Энэхүү баясал одоо ч бяцхан дүү нарт минь байгаа.  Хичээлийн шинэ жилийн мөнгөн хонх нь цангинаж, шинэхэн сурагч болж байгаа хүүхдүүд ангийн багштайгаа яг энэ цаг мөчид танилцаж суугаа. 

Монгол орон даяар 2014-2015 шинэ хичээлийн жилийн нээлт нэгэн зэрэг болж, 59 мянган хүүхэд эрдмийн уурхай болсон сургуулийн босгыг алхан орлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТВ-ээр теле хичээл заадаг уламжлалтай. Энэ дагуу Ерөнхийлөгч өнөөдөр “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдэвт хичээл заана. Энэ жилийн хувьд  бага  боловсрол буюу 1-5 дугаар ангийнхан шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээллэж эхлэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдэд хэт их ачаалал өгч даалгавраар шахдагаа халж байгаа юм.

Уламжлалт теле хичээл шинэчилсэн хөтөлбөртэй уялдах бөгөөд ага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм болсон хүүхэд бүрийг дэмжсэн, хүүхэд бүрийн оролцоог хангасан, тэдэнд мэддэг зүйлээр  нь дамжуулан хэрхэн чадвар суулгаж болдгийг нотолсон хичээлийг сонгож байгаа гэдгийг БШУЯ-наас мэдэгдсэн. 

-Цэцэрлэгт хөл тавьж буй бяцхан үрсийн  хичээлийн анхны өдөр-

Бяцхан 2-настангууд өнөөдөр мөн л анхны удаагаа цэцэрлэгийн босгыг алхан орлоо. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо найман мянгаар өссөн. Нэлээд хэдэн цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон. Тухайлбал, хүн ам хамгийн ихтэй БЗД-т Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар БЗД-ийн 21-р хороонд 100 хүүхдийн хоёр цэцэрлэг баригдаж ашиглалтанд орсон. 

Ингэснээр тус дүүргийн 200 хүүхэд энэ намар гэртээ биш цэцэрлэгт өнжих боломжтой болсон. Энэ хичээлийн жилд нийтдээ 102 цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа гэдгээ ч дуулгасан.

-Шинэхэн оюутнуудын баяр-

Энэ хичээлийн жилд шинээр 30 мянга гаруй залуус оюутан болж байна.  Инфляцийн өсөлттэй холбоотойгоор их, дээд сургуулиуд төлбөрөө 20-40 хувь хүртэл нэмэгдсэн. Хичээл эхлэхээс өмнө их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэнээ дуулгасан билээ.  

Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд амьдрах байрны асуудал бэрхшээл дагуулдаг. Энэ жил 16 мянган оюутан дотуур байраар хангагдах боломжтой. 

 

Ингээд цэцэрлэгийн, сургуулийн, их, дээд сургуулийн босгыг алхан орж буй дүү нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргээд, амжилт хүсье. 

Х.Даваа