Монгол Улсын хууль, шүүх, эрх  зүйн салбарт  шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэдэгтэй иргэдийн  олонхи санал нийлдэг.

Харин хэрхэн, яаж, ямар арга замаар энэхүү  шинэчлэлийг үр  дүнтэй хийх  нь  өнөөг хүртэл тодорхойгүй байна. 

Хууль  зүйн шинэчлэлийн хувьд  хамгийн сүүлд  олны  анхаарлыг  татсан нь Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг ажлаас чөлөөлж, С.Баатаржавыг  томилсон явдал байлаа. Хууль зүйн  сайдын  хувьд өөрийнх нь томилсон ЦЕГ-ын дарга  өөрийнх нь эсрэг ажиллах болсон талаар хэвлэлээр цөөнгүй бичсэн.  Х.Тэмүүжин гэдэг хувь  хүнтэй биш хууль зүйн  салбарын шинэчлэлийг хийхэд Б.Билэгт  даргын бодлого хуучинсаг  байсан тул хамтран ажиллахад хүндрэлтэй байгааг салбарын сайд нь ч нуугаагүй.

Ингээд  л  болох  ёстой юм боллоо. Б.Билэгтийн  оронд Х.Тэмүүжин цагдаагийн  албанд олон жил зүтгэсэн С.Батааржавыг томилсон. Харин С.Баатаржав Х.Тэмүүжинтэй гар нийлж  ажиллахын тулд байгууллага доторх халаа, сэлгээгээ  яг одоо үргэлжлүүлж байна. Зохион байгуулалттай гэмт  хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн  байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар гэх нэгжийг өөрчлөхөөр болж. Тэдгээр нэгжийн дарга нарыг ч  өөрчлөх тушаалыг гаргасан тухай өчигдрийн хэвлэлүүдээр мэдээллээ.

Энэ бүхэн Х.Тэмүүжиний шинэчлэлийн нэг хэсэг болж байгаа гэж  харж болох байх. Түүний шинэчлэлийн хүрээнд УИХ-аар батлагдсан хуулиуд, цагдаагийн байгууллагын бүтцийн өөрчлөлт, шинээр байгуулагдсан Тахарын албаны үйл ажиллагаа үргэлжилж буй. Гэвч ганц сайд, түүний багийн хэдэн хүний хөдөлмөр шинэчлэл гэгчийн үр  дүнтэй болгоход хангалттай биш. Тиймээс л  эхнээсээ  Х.Тэмүүжиний бодлогын эсрэг байсан,  үүнээсээ болж  албан тушаалаа өгөхөд хүрсэн жишээ гарлаа.

Аливаа  үйл  явц үргэлж хоёр туйлтай байдаг. Үүний адил хууль зүйн  салбарын шинэчлэлийг  “бантан”  гэж  үзэх хүмүүс  цөөнгүй.  С.Баатаржавыг  залуугаасаа л  эхлээд цагдаад зүтгэж  байгаа хүн гэдгээр нь дарга болоход нь дургүйцсэн хүн салбарынхан дотроо цөөн байсан гэж ярьж  байна. “Тэр хэдэн бор цадаагаа дэндүү ойлгоно” гэж байсан ч өнөөх халаа, сэлгээтэй зэрэгцэн С.Баатаржавыг “Х.Тэмүүжиний утсан хүүхэлдэй,цагдааг самрагч” хэмээн цоллох  болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр С.Баатаржав  ойрын  үед  зарим аймаг, дүүргийн цагдаагийн дарга нарыг сэлгэх сураг дуулдаж байна. Өөрөөр хэлбэл Хууль зүйн сайдын шинэчлэлийг хурдлуулахын тулд Х.Тэмүүжин болоод С.Баатаржавтай  санаа нийлэх  багаа бүрдүүлэхийг чухалчилж  байгаа  хэрэг.

Зандардаггүй цагдаа, хэлмэгдүүлдэггүй шүүх, хүн бүрт тэгш  хуулийн үйлчлэлтэй орон болох  зорилготой салбарын шинэчлэлийнхээ төлөө Х.Тэмүүжин одоо ханцуй  шамлаж буй байх. Түүний бодлогод нь саад  болж  байсан нэг хэсэг тээг нь алга боллоо. Баг бүрдүүлэлтдээ гаргасан  алдаагаа зассан сайдад одоо “Шинэчлэл ингээд саарчихлаа” гэсэн шалтаг олдохгүй болов уу. Цагдаагийн  хувцсаар хүртэл тоглож, сүргүй болгосон тухай шүүмжийг Х.Тэмүүжинд зөндөө л хаягласан байх. Нөгөө талдаа цагдаа бол иргэдийг сүр хүчээрээ айлгаж, ичээдэг бус иргэндээ үйлчилдэг эелдэг нэгэн байх ёстой гэсэн ойлголт  үүнээс “үнэртэж” байж болох. 

Х.Тэмүүжиний  сайнд ч биш  ер  нь л хуулийн  салбарыг өөрчлөх шаардлага, хувьсгалын  тохироо энэ цаг үед  тохиосон гэж  хэлж болох  байх. Харин үүнийг барьж  авснаараа Х.Тэмүүжин сайн, муу аль нэг талаараа хууль зүйн салбарыг аврагч, алагчийн дүрийг зүүж явах  байх. Түүний эхлүүлсэн шинэчлэл хаана хүрч дуусахыг хэлж  мэдэхгүй. Ямар  боловч  багаа шинэчилсэн тул хурдсах байх гэж найдах үлдэж байна.  

 

 

Ө.СОНОР