Эдийн засаг босохын дохио юу гэлтэй ам.долларын ханш буурч байна. Огцом өсөлттэй явсан доллар өссөн шигээ буурч байгаад баярлах улс олон бий. Ямартай эрэл хэрэгцээтэйд тооцогддог хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурсаар байна. 

Наймдугаар сарын 27-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.6 хувь,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар буурчээ.

Махны дундаж үнэ: хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.5 хувь, үхрийн ястай махны үнэ 5.1 хувь, үхрийн цул махны үнэ 11.4 хувь, адууны махны үнэ 12.8 хувь, ямааны махны үнэ 9.8 хувиар буурсан бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 0.2 хувь, хонины ястай махны үнэ 1.8 хувь, адууны махны үнэ 1.5 хувиар буурсан байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6495 төгрөг, үхрийн /ястай/ мах 7550 төгрөг, үхрийн цул мах 8685 төгрөг, адууны мах 5475 төгрөг, ямааны мах 5590 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 8.7 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 2.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 27-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ өөрчлөлтгүй, манжингийн үнэ 31.2 хувь, луувангийн үнэ 31.8 хувь, сонгины үнэ 0.8 хувь, байцааны үнэ 17.5 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийнхоос манжингийн үнэ 9.7 хувь, луувангийн үнэ 8.6 хувиар буурсан аж.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 27-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.0 хувь, задгай сүүний үнэ 9.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна.                              

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна

 

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханшийг Монголбанкнаас 1819 төгрөг гэж зарласан бол арилжааны банкууд авах ханш нь 1818-1820 төгрөг байна. Харин зарах үнэ нь 1840-1844 төгрөгтэй тэнцэв. Долларын ханш сүүлийн 10 хоногт 74 төгрөгөөр суларсан. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өнөөдөр ам.долларыг 1832 төгрөгөөр авч, 1835 төгрөгөөр борлуулж байна. Долларын ханш цаашид ч сулрах биз ээ. 

Ам.долларын ханш 1900 төгрөг давж чангарахад бүсээ чангалахаас өөр сонгол үлдээгүй 2000 төгрөгт хүрнэ гэж үзэж байсан. 

БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлал ам.долларын ханшийг буурууллаа гэж ч хардсан. Юутай ч ам.долларын хөөрсөн ханш “буурав”.  Ямартай ч эдийн засгийг аврагч ноён долларын ханш суларч байгаа нь олзуурхууштай зүйл гэдэгтэй санал нийлэх биз ээ. Долларын ханш буурч, юмны үнэ буурч буй нь нэг л зүйлийг батлан харуулж байна. Энэ нь юу гэвэл, манай улс гадаад валютаас хамааралтай гэдгийг нэг үгээр батлаад өгчихлөө.

 

Х.Даваа