Монголын урлагийн ертөнцөд өөр өнгө төрхийг гаргаж ирсэн,  амьд дуу хөгжмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа "The Colors" хамтлаг нь байгуулагдаад дөрвөн жил болж байгаа билээ. Тэд одоогоор өөрсдийн анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна. Г.Тогтуун, Б.Төгөлдөр, А.Тэргэл, Б.Хүслэн, Н.Жамух нартай ярилцснаа уншигч та бүхэндээ хүргье.

-Яагаад хамтлагтаа “The colors” гэх нэрийг өгөх болсон бэ?

  -Бид хэд нэрний талаар тойрч сууж байгаад  маш удаан бодсон. Нэр амар олддоггүй юм билээ. Тэгээд л гэнэт “The Colors” гэж нэрлэхээр болсон. Харахад бас бичихэд ч үзэмжтэй санагдсан. Тийм нэртэй гадаад дотоодын ч хамтлаг байгаагүй. 

-Хэзээнээс дуулах сонирхолтой болж хамтлагаа хэрхэн бүрдүүлж байгуулагдав?

-Ахлах ангийн сурагч байхдаа гитар сонирхож эхлээд хамтлаг байгуулсан байгаа. Тэгээд хамтлагаа  байгуулсаныхаа дараа гол хэрэгсэл болох гитарыг сурч эхэлсэн. Хамтлагаараа нийлсэн тухай гэвэл бид нар ижил хүсэл сонирхолтой нэг байрны найзууд байсан.

-Хамтлагийн дууны үг, аяыг хэн зохиодог бэ?

-Бид өөрсдөө  ярилцаж байгаад зохиодог. Ер нь бүх л зүйлээ хамтдаа хийдэг. Нэг нь голлож зохиож үзсэн удаа байхгүй. Хувиарлаж байхаас илүү тэр нь амар байдаг юм шиг.

-Хамгийн анхны уран бүтээлээ хүмүүст хүргэж байсан үеийнхээ сэтгэл хөдлөл дурсамжуудаас яриач?

-2011 онд хамгийн анх “Playtime”-ийн шалгаруулалтанд орох гээд бэлдэж байсан юм. Бэлтгэлийнхээ хажуугаар ганданд очиж залбирсан тэгэхлээр дотор нэг л тайван болчихдог юм билээ. Гэтэл мөргөлийн вандан дээр залбирчаад бостол бид нарын өмд цул тагтааны баас болчихсон байсан. Тэрнээс үүдэд  “Тагтаа” гэх анхныхаа дууг зохиож тэр дуугаараа шалгаруулалтанд орж билээ. Анхных байсан болоод ч тэр үү их л сандарч алдсан даа.  

-Хамгийн анхны цалин ч юм уу, орлогоороо юу хийж байв?

-Бид олсон орлогоо гэрийнхэнтэйгээ хуваалцсан. Дэлгүүрээс сүү, талх, ундаа авч орсон.  Гэрийнхэн маань биднийг их дэмждэг байсан тул дуртай зүйлээ хийгээд түүнээсээ ашиг хүртээд тортой зүйл бариад ороход их баярлаж байсан.

-Тун удахгүй цомгоо гаргана гэж дуулсанЦомгийн ажил хэдий хугацаанд үргэлжилж байна. Шинэлэг тал нь юу вэ?

-Яг цомгийн ажилдаа орсон гэвэл жилийн өмнө. Тэрнээс өмнө нь цомгийн тухай боддог байсан ч бидэнд  ивээн тэтгэгч байхгүй учир санхүүгийн асуудалтай тулгарч байсан. Тэгээд ч хэд хэдэн уран бүтээл юуны түрүүнд гаргах хэрэгтэй байсан. Бид нар анхны цомогтоо шинэлэг зүйл оруулахыг хичээсэн байгаа. Тухайн үед нь та бүхэн шинэлэг болж чадсан үгүйг нь анзаараарай.

-Танай хамтлагийн хэтийн зорилго?

-Бид хэдэд бодсон бодол байгаа. Ганц Монголдоо гэлтгүй бусад оронд өрсөлдөхөөр сарвайж үзнэ дээ. Монголынхоо нэрийг ч гаргахыг хүсдэг. Монгол  гэхээр л хөдөө тал, морь мал гэж боддог. Хамтлагаараа дамжуулан Монгол орноо арай өөр талаас нь бусад улс орнуудад таниулахыг хүсдэг. Тиймдээ ч бид өөрсдийгөө улам ихээр хөгжүүлсээр явна.

-Гэр бүлд чинь урлагийн хүн байдаг уу?                                                                                              

-Ер нь бол байгаа шүү. Зураач, жүжигчид бий. Урлагт дуртай урлагийг ойлгодог хүмүүс байдаг болохоор биднийг их дэмжиж тусална. Хөгжмийн зэвсгүүдийг минь анх бэлдээд өгсөн. Сүүлдээ бид хэд санаа зовоод одоо бол ер нь тусламж авахаа байсан байгаа.

-Хөгжмөө тоглож байхдаа юу мэдэрдэг вэ?

-Г.Тогтуун: Дуулж байхдаа тухайн дуугаа мэдэрнэ. Ер нь дуу болгоноос өөр мэдрэмж авдаг шүү.

-Б.Хүслэн: Хөгжмөө тоглож байхдаа хөгжмийн сайхныг мэдэрч кайф авч чаддаг.

-Н.Жамух: Нууц. Хэрэв хэлчихвэл хүмүүс миний мэдэрч байгаа зүйлийг мэдрэхийг хүснэ.

-Б.Төгөлдөр: Өдөр болгон тоглох бүртээ өөр өөр мэдрэмж авдаг.

-Гадаадаас ямар уран бүтээлчдийг түлхүү сонсдог бэ?

-Янз бүрийн хамтлаг дуучид сонсондоо гэхдээ мэдээж хамгийн гоёыг нь. Дуртай хамтлаг дуучнаа харамламаар ч санагддаг.Тиймээс нэрийг нь хэлмээргүй байна.

Ямар мэргэжлээр хаана сурдаг вэ?

Б.Хүслэн: РТДС-ийн зураглаачийн анги.

А.Тэргэл: Raffles International Institute-д график дизайн чиглэлээр сурдаг.

Н.Жамух, Г.Тогтуун, Б.Төгөлдөр: Бид гурав СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургуульд сурдаг байж байгаад .гарцан байгаа. Уран бүтээл, сургууль гэхээр цаг их шаарддаг юм билээ. Харин одоогор бол хөгжим тал руугаа сурах бодолтой байгаа.

-Өөрсдийнхөө зан чанарыг тодорхойлооч?

Г.Тогтуун: Өмдний бүс нэг л цэг дээр байдаг доошлох юм уу хэтэрчихвэл их эвгүй яг тийм л зантай. Юманд их сэтгэлээсээ ханддаг, романтик талдаа.

Хамтлагийнх нь түүнийг “яриа хөөрөөтэй, хүмүүстэй их амархан эв зүйгээ олдог тиймээс ч хамтлагийн ахлагч” хэмээн тодорхойлсон юм.

Б.Хүслэн: Үг дуу цөөнтэй ч юу хийхээ сайн мэддэг учир бусдадаа их нөлөөлж чаддаг. Бага зэрэг түргэн ууртай хэдий ч сүүлийн үед огт уурлаагүй юм байна.

А.Тэргэл: Мөн л үг дуу цөөнтэй гэхдээ ам халвал сайн ярьдаг. Их тусч, өгөөмөр. Шаргуу ажилсаг хэдий ч их нойрмог унтах нь дийлдэхгүй.   

Н.Жамух: Удаан хөдөлгөөнтэй гэхдээ гүйхээрээ маш хурдан. Их шазруун байнга л “ Бэлдье бэлтгэлдээ” гэж хэлж байдаг.

Б.Төгөлдөр: Яриа биш учир их ойлгомжгүй зантай ер нь их дотогшоогоо. Гэхдээ их тайван, юманд ажигч хааяа залхуу.

-Өөр юунд авьяастай вэ?

-Бид нарын одоо хийж байгаа зүйл л бидний цор ганц авьяас гэж хэлж болох байхдаа. Өөр гэвэл Б.Хүслэн зураг дардаг. А.Тэргэл машин барихдаа сайн. Бусад нь хааяа зураг зурах дуртай.

-Тайвшралыг юунаас олж авдаг тухай?

Г.Тогтуун: Тэсэж тэсэж байгаад давсгаа суллах нь үнэхээр их тайвширал.

Б.Төгөлдөр: Ганцаараа байхдаа илүү тайван байдаг.

А.Тэргэл: Унтаж байх тэр үе л хамгаас тайван.

Н.Хүслэн: Гэртээ ганцаараа байхад.

Ингээд уншигч та бүхэндээ тус хамтлагийн "Mind oddity" буюу бодлын гажуудалд тэнгэрээс асгарах одод дууг нь хүргэж байна.

Ярилцсан: Б.Мөнгөлжин