UBS телевиз санаачлан EBI, Liberal house бодлогын судалгааны хүрээлэн, “Монгол сан” хамтран зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн хоёрдугаар шат удахгүй эхэлнэ. Энэ шатанд шалгарсан 90 залуус улс төрийн ертөнцөд алхам хийж, улс төрч хүний зайлшгүй эзэмших ёстой анхан шатны суурь мэдлэг, ур чадвар, нөлөөллийн ажил, ёс зүй зэрэгт суралцаж эхлэх нь.

Шинэ Манлайлагч залуусд эдгээр суурь мэдлэг, ур чадварын хичээл орох баг нь социологи, улс төр судлал, түүх, эдийн засаг, философи удирдахуйн ухааны мэргэжлийн чадварлаг экспертүүдээс бүрдсэн бөгөөд хичээлийн боловсруулалтаа хийжээ. Улс төрд шинэ манлайлагч бэлтгэх сургалт суурь мэдлэг олгох, чадваржуулах, нөлөөллийн ажилд суралцах, ёс зүй эзэмших сургалтыг ерөнхий эрдэм, ахисан түвшний шатлалаар нийт 72 цагийн хичээл, дадлага олгоно. Тухайлбал, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх талаар хуулийн төсөл санаачлах, боловсруулах, батлуулах даалгавар өгнө. Баг тус бүрт тодорхой салбар, засаг захиргааны нэгж дээр байгаа асуудлуудыг очиж шийдэх сонирхолтой даалгаварууд ч энд багтжээ.  Харин үүнээс өмнө эл даалгаварыг биелүүлэхдээ зайлшгүй судлах, мэдэх мэдлэгийг олгосон байх аж. Даалгавар гүйцэтгэх хугацаанд тухайн багуудыг улс төрийн туршлагатай улс төрчид, мэргэжилтэнүүд зөвлөх бол шүүлтийг ерөнхийлөгч, ерөнхий сайд асан улс төрийн жинхэнэ одод шүүх ажээ. Шинэ Манлайлагчдыг ингэж хөгжүүлж, дасгалжуулснаар улс төрчийн жинхэнэ ур чадвар сууж, шинэ соёл бий болох төдийгүй үзэгчид ч улс төрийн тухай зөв мэдлэг авна хэмээн экспертүүд төлөвлөж байна.  Харин  энэ шоу нь бодлогод суурилдаггүй популист улс төрчдөд таалагдахгүй байгаа сурагтай.