XIV Далай ламын ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг айлдах гэж байна. Тэрбээр лам хувраг, сүсэгтэн олны хүсэлтээр энэ сарын 11-12-нд буюу маргааш нөгөөдөр хоёр АСА циркт 13:00 цагаас лам хувраг, сүсэгтэн олонд бурханы шашны номлол, сургаалаа айлдах нээ.

   Богд Тижан Чогбрүл ринбучийн урд дүр болох ёнзин Тижан Богд нь XIV Далай ламын бурханы шашны эрдэм боловсрол, номын увдисыг зааж хайрласан хоёр ёнзин багшийн нэг бөгөөд төгс баясгалант шарын шашны их эзэн хэмээн алдаршсан хувилгаан богд лам ажээ.

   Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэгийн тухайд
  Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ нь 1982 онд БНЭУ-ын Химачал Прадеш мужид олон гайхамшигт шинж тэмдгийг үзүүлэн мэндэлжээ. Урд дүрийн Тижан богдын номын их нууц сахиусны зарлиг болон олон лам дээдсийн таалал зөвшөөл нэгдэж, Дээрхийн гэгээн 14-р Далай лам өөрийн ёнзин багш авралт богд Тижан Дорж Чангийн хойд дүр мөн хэмээн тодруулжээ.

   Тижан Чогбрүл ринбучэ өмнөд Энэтхэг дэх шашны их сургууль Гандан намбар жалвалин хийдэд бурханы номонд суралцаж, 14-р Далай лам болон ялангуяа авралт богд ёнзин Лади ринбучэ, авралт богд Дэнма Лочой ринбучэ, авралт богд Дагом ринбучэ, авралт богд Ёнжа ринбучэ, авралт богд Дагбу Памчой чогбрүл ринбучэ тэргүүтэн билиг, эрдэм төгс олон лам багшаас судар, тарнийн номын дамжлагыг бумбанд рашаан юүлэхийн ёсоор сонсон хүртэж, эдүгээ Америк, Европ тив болон Монгол зэрэг дэлхийн олон оронд морилж, бурханы номыг түгээн дэлгэрүүлэхийн сацуу АНУ дахь өөрийн үүсгэн байгуулсан бурханы шашны “TBI” нийгэмлэгтээ “Бодь мөрийн зэрэг”, “Оюун судлахуйн суртгаал” тэргүүтэн судар, тарнийн номлолоор олон орны шавь нарыг гэгээрүүлэх үйлсээр тэтгэж буй Шарын шашны чимэг болсон дээд хувилгаан бөгөөд 2003 онд монгол хувилгаан Гүрүдэва ринбучэ Монгол орноо анх урин залж, сүсэгтэн олонд номын авшиг айлдуулжээ. Ийнхүү монголчууд бидний урилгаар хол газрын алжаалыг хайхралгүй морилон ирж бид бүхэнд бурханы дээдийн номын рашааныг хайрлаж буй ач нь хэмжээлшгүй билээ.

    Ямандаг бурханы авшиг айлдах тухайд
   Энэ удаа лам хувраг, сүсэгтэн бидний хүсэлтээр дахин морилж, шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг Үндэсний АСА циркт энэ 9-р сарын 11-12-ний өдрийн 13:00 цагаас айлдах юм. Ямандаг бурханыг шүтвээс энэхүү цөвийн цагт бусад идам бурхадаас таван эрдэмээр үлэмж хэтэрхий хэмээн шарын шашныг үндэслэгч Богд Зонхава болон түүний шавь Хайдүв богд мөн VII Далай лам, Түвдийн алдарт шидтэн Ра Лозава, монголын Ламын гэгээний Анхдугаар дүр, Бэрээвэн номун хан Найдансүрэн, Ойрад Агваантүвдэнванчүг, Чин Вангийн Дандар аграмба, Эрин хамба Лувсанцэрэн, Буриадын Итгэлт хамба тэргүүтэн шарын шашны бүхий л мэргэд, лам нар өөрийн гол идам бурханаар шүтэж бясалган шидийг олсон нь олонтаа гарчээ.

   Ямандаг бурханыг шүтсэнээр оюун ухаан сайжирч, гадна дотны хорлол, барцад саадыг арилгах, нас буян арвижих, Чойжал, Жамсран тэргүүтэн сахиуснууд сахин хамгаалах зэрэг тус эрдэм нь хэмжээлшгүй юм. Энэхүү ховор чухаг авшигийг айлдахад хүртэх завшаан бид бүхэнд тохиож байна.  Мөн Нагаржунай тэргүүтэн хоосон чанарын онол ухаанд мэргэжсэн их бандида, мэргэдийн эрхэм сахиус Гонбу Шалшийн даган соёрхолыг эртээс шүтэж ирсэн Чин Вангийн хүрээ буюу Булган аймгийн Дашчойнхорлин хийдэд айлдах юм. Мөн нутгийн сүсэгтэн олны удаан жилийн хүсэл, айлтгалын дагуу шашин номын ёс журмаар ихэс дээдэс, Их сахиус нар Дөрөвдүгээр Богдын таалалын эрхэм шавь олноо Жидорын хамба лам хэмээн алдаршсан Их хүрээний Хамба номун хан Агваанхайдүвын гуравдугаар дүрийн хувилгаан болон Монголын алдарт мэргэн Чин Вангийн Дандар аграмбын хойд дүрийг тодруулан айлдаж, түүнийг шарын шашны эрхэм дээд хувилгаан Богд Павонка, Богд Тижан ринбучэ нар таалан болгоож, Их сахиусны айлдсан ёсоор үйлдэхийг зарлиглажээ. Ийнхүү Богд Тижан Чогбрүл ринбучэ бээр энэ хоёр алдарт хувилгааныг ширээнд залах ёслолд өөрийн биеэр морилон ирж буй их билэг дэмбэрэлтэй үйл явдал болж байна.

   Сүсэгтэн олон бид бүхэн шашин амьтаны тусын тухайд морилон ирж буй Богд ринбучэ-н зохиол үйлсэд даган баясч, лагшин өлмий бат орших болтугай хэмээн залбиръя.

Монгол орноо бурханы шашны ариун сургаал түгэн дэлгэрч, хүмүүн зон амар амгалан байх болтугай.