В.И.Якунинаас Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээсэн анхааруулга
2014/09/10
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавдугаар сарын 23-нд ОХУ-ын Санкт-петербург хотноо зохион байгуулагдсан Петербургийн олон улсын чуулга уулзалтад оролцох үеэрээ “Оросын төмөр зам” НХН-ийн дарга В.И.Якунинийг хүлээн авч уулзсан.
Уулзалтын үеэр цаашид УБТЗ-ын ашиглалтыг сайжруулах, транзит тээврийн хэмжээг эрс нэмэгдүүлэхэд анхаарах гэх зэрэг олон асуудлаар ярилцсан. Энэ үеэр тарж байсан нэг мэдээлэл бол Оросын тал нарийн царигт нэг их реакцлахгүй байгаа гэдэг мессэж байлаа. Якунин Монгол Улс хос царигтай болох нь зүйтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн мэт мэдээлэл ч гарч байсныг уншигч та санах байх.
Уулзалтаас хойш буюу зургадугаар сарын 18-нд Ерөнхий сайд УИХ-ын даргад “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай хэмээх тогтоол өргөн барьсан. Тогтоолд “Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой–Сайншанд–Баруун-Урт –Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” хэмээн тусгасан байсан билээ. Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороон дээр хаалттай хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэн ч УИХ-ын чуулганаар оруулахад тодорхойгүй хугацаагаар хойшилж одоогоор эцэслэн шийдээгүй, УИХ-ын намрын ээлжит чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх асуудлын тэргүүн эгнээнд бий. Гэтэл энэхүү тогтоолын төслийг өргөн барихаас дөрөвхөн хоногийн өмнө “Оросын төмөр зам” НХН-ийн дарга В.И.Якунин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан ийм нэгэн захидал илгээж байсан аж. Захидлыг бүрэн эхээр нь уншигч танд хүргэе.
Монгол улсын Ерөнхий сайд
Эрхэм ноён Алтанхуяг танаа
Эрхэм тантай Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2014 оны тавдугаар сарын 23-нд хийсэн уулзалтыг үргэлжлүүлэн ярихад манай хоёр улсын удирдагчдын дэмжиж байгаа Монгол ба Оросын хамтын ажиллагааны нэг гол чиглэл болох төмөр замын тээврийн салбарт стратегийн түвшинд хамтран ажиллах тухайд ярилцсан сэдэвт анхаарал хандуулж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Монголын төмөр замын системийг хамтран хөгжүүлж, түүний дамжин өнгөрүүлэх боломжийг хэрэгжүүлэх нь бидний нийтлэг эрх ашигт нийцнэ гэдгийг онцолъё. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газрын дэмжсэн “Төмөр замыг хөгжүүлэх концепци” ба хоёр талт тохиролцоог Оросын тал нэг бүрчлэн дагаж байгааг үл харгалзан энэ чиглэлд бодит ахиц гарахгүй байна. Концепцийг хэрэгжүүлэгч нь Монгол Оросын хамтарсан компани байна гэж тогтсон. Үүний тулд 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийг Монголд айлчлах үеэр “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК байгуулсан бөгөөд энэ байгууллагын зорилтыг Монгол ба ОХУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Декларацид тусгасан буй.
Ийм хэдий ч өдийг хүртэлх таван жилийн хугацаанд “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК нь Монголын Зам, тээврийн яамны зүгээс дэмжлэг байхгүйгээс үүдэлтэйгээр өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэх ажлаа эхлүүлж чадаагүй. Ингээд зогсохгүй “Улан-Баторская железная дорога” /Улаанбаатар төмөр зам/ хамтарсан хувьцаат компанийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх чиглэлтэй зөрчилдсөн үйл ажиллагаа ажиглагдаж байна. Бодит жишээ болсон «Улан-Баторская железная дорога» /Улаанбаатарын төмөр зам/ ХНН-т шаардлагатай “СЦБ” /сигнализация-дохиолол, централизация-төвлөрөл, блокировка-түгжилт / ба хөдөлгөөнт радио холбоо, системийн тоног төхөөрөмжийг төлөвлөх, ханган нийлүүлэх, угсрах уралдааны (ЦВТ-2014/03 тендер) зохион байгуулалтад илэрхий өрөөсгөл хандсан явдал харуусал төрүүлэм.
Үүнээс гадна Монголын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл Монголд 1435 мм-ийн өргөнтэй төмөр зам тавих тухайд “РЖД” НХН ойлгон нааштай хандаж байгаа мэт мэдээллийг тарааж байна. Энэ мэт мэдээлэлтэй холбоотойгоор “УБЖД” /УБТЗ/-ын Оросын талын багц хувьцааг захиран удирдаж, Монгол Улстай явуулж байгаа төмөр замын харилцаанд Оросын Холбооны улсыг төлөөлж байгаагийн хувьд “РЖД” НХН нь зарчмын хувьд Монголд нарийн царигтай төмөр зам барих шийдвэрийг алдаатай шийдвэр байсан гэж үзэж байгаагаа онцлох шаардлагатай гэж үзлээ.
Тодорхой чиглэлд тээвэрлэлтийн зардал буурч байгаа мэт сэтгэгдэл төрж болох ч хоёр системийн ажиллагааг давхар хангахыг даган ачаалал зайлшгүй нэмэгдэхтэй зэрэгцэн Монголын түүхий эдийн салбарын нэг худалдан авагчийн ашиг сонирхлоос хамааралтай байдал нэмэгдэхийг даган эцсийн дүнд богино хугацааны ашгаас ирж болох бүх давуу талыг үгүй болгоно. Ийнхүү Монголын төмөр замд хоёр стандарт нэвтрүүлснээр төмөр замын үр ашигтай сүлжээг тогтвортой хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж ирээдүйд Евразийн интеграцид Монгол Улсыг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломж олгох давуу тал бүхий транзит зам байгуулах боломжийг үгүй болгох аюултай.
Бидний бодлоор энэхүү боломжийг хэрэгжүүлэхийн тулд 2009 онд байгуулсан Монгол Улс ба ОХУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Декларацид дурдсан зарчмуудыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай. Энэ утгаар нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой зорилт нь “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК-ийн оролцоотойгоор “УБЖД” /УБТЗ/ ХНН-т бүрэн хэмжээний шинэчлэл явуулж, Эрдэнэт-Мөрөн гэсэн баруун хойд чиглэлд Улаанбаатарын төмөр замыг уртасгах шийдвэр гаргах явдал юм.
Эрхэм ноён Ерөнхий сайд танаа энэ бүхэнтэй холбоотойгоор урт хугацааны ирээдүйд эдийн засгийн болон стратегийн хувьд хамгийн зохистой хандлага болж байгаа “УБЖД” ХНН-т шинээр байгуулагдсан төмөр замын шугамуудыг шилжүүлэн өгөх байдлаар Монголын төмөр замын сүлжээний нэгдмэл байдлын зарчмыг хадгалан үлдэхийн онцгой чухлыг дахин онцолж байна.
Таныг хүнэдтгэсэн “РЖД” НХН-ийн Ерөнхийлөгч Владимир Якунин.