Монгол киноны 80 жилийн ойг угтан найруулагч О.Машбат хүү Ивээлийнхээ хамт хийж байгаа “Цэн тогоруу” уран сайхны киноны зураг авалт дуусч үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус киноны нээлт өнөөдөр Тэнгис кино театрт 18:00 цагаас болох бөгөөд энэ сарын 12-наас эхлэн кино театруудаар гарч эхлэх юм. 

Уг кино нь хайр дурлал, гэгээн мөрөөдөл, хүнлэг ёсыг өгүүлэх бөгөөд маш ээдрээтэй хурц үйл явдалтай бүтээл болсон аж. Киноны багт Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, авьяаслаг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, “Bro’s records студийн Томоо буюу М.Болд, Равсал панз – МУГЖ Б.Магсаржав, АЖ Д.Мэндбаяр залуу жүжигчин Э.Идэрболд, Ц.Оюун-Эрдэнэ гээд олон сайхан уран бүтээлчид багтжээ.

Энэхүү киног МУГЖ Н.Батцэцэгийн хүү М.Ивээл аавтайгаа найруулснаараа онцлог. М.Ивээл хар багаасаа кинонд ойр өссөн бөгөөд “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, ” Цагаан сүүний домог”, “Вансэмбэрүү” кинонуудын гол дүрд тоглож байсан билээ. Тэрбээр АНУ-д кино найруулагч мэргэжил эзэмшээд саяхан эх орондоо ирсэн бөгөөд маш авьяастай, хурц сэтгэдэг нэгэн гэнэ.