Дэлгэцийн урлагт цахиур хагалж чадсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, амжилт бүтээлээр дүүрэн яваа Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өдгөө “Хувьсал” продакшны өнгө төрхийг тодорхойлж буй. Уран бүтээлийн чанар чансаа, ашиг орлогоороо кино урлагийн ертөнцөд жинхэнэ утгаараа шуугиан тарьж чадсан авьяаслаг жүжигчид маань өдгөө бас нэгэн сюрпризээ дэлгээд байна.

Амьдралын баяр гуниг, хүний мөс чанар, хувь тавилангийн ээдрээт гогцоог сонирхолтой үйл явдал, уран аргаар илэрхийлсэн “Зүрхээр наадагч” киногоо тэд дэлгэцэнд гаргаад удаагүй байгаа. Улаан хивсний ёслолын арга хэмжээ, уран бүтээлчдийн баяр бахдалаар дүүрэн өрнөсөн энэхүү киноны нээлт үзэгч олны хувьд үнэхээр том хүлээлт байсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч, уг киног дэлгэцэнд гаргаснаас хойш буюу өнгөрсөн долоо хоногийн хугацаанд “Зүрхээр наадагч”-тай учрах гэсэн үзэгчдийн дунд тасалбарын төлөөх бяцхан “тэмцэл” өрнөж эхэлсэн сурагтай.

Тухайлбал, тус киноны 15:00 цагаас хойших тасалбар хэд хоногийн өмнөөс эхлэн дуусч байгаа тул хэрэндээ л гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ хамт амралт чөлөөт цагаараа “зүрхээр наадаж” өнгөрүүлэх гэсэн зарим нэгэн нь багахан хүлээлт үүсгээд байгаа гэнэ.

Адтай сэргэлэн, авьяаслаг сайхан бүсгүйчүүд маань ч ээлжит бүтээлээрээ эрхгүй олныг байлдан дагуулж, энэ удаад хэний “зүрхээр наадах” гэж байгааг сонирхох боломж үүгээр дуусахгүй шүү. Хэдийгээр тасалбарын хувьд эрэлт ихтэй байгаа ч, үзэгч олны зүгээс  “Зүрхээр наадагч” үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй хэдийд учирч, хэн нь тэдний ээлжит “бай” болохыг харах гээд тэсэн ядан хүлээж байгаа биз ээ.