МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо дахин хэвлүүлжээ. Тус номны эхний хэвлэлт өнгөрсөн хавар гарсан ч уншигчид ярилцлагаар ихэд “цангаж” байсан бололтой. Ахархан хугацаанд борлуулагдсан тул зохиогч ийн дахин хэвлээд байгаа аж.

У.Баярсайхан нь сэтгүүл зүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийг тус номдоо багтаасан байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин А.Очирбат, П.Цэрэндагва, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын хөрөг ярилцлага багтжээ. 

Тус номын редактороор МЗЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч О.Содномпил ажилласан бол Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, УДЭТ-ийн дэд захирал Н.Сувд, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар номны арын нүүрт төрсөн сэтгэгдэлээ бичжээ.

Нэмж хэлэхэд тус номоо зохиогч энэ удаа дахин худалдаанд гаргахдаа өөрийн бие даасан нийтийн дууны “Хүү нь тандаа” цомгоо дагалдуулж байгаа юм билээ. Борлуулалтанд гарсан өдрөөсөө эхэлж уншигчдын хүртээл болсон энэхүү номонд уншигчид ам сайтай байгаа болохоор “Танихгүй танил” хэдийнээ танил болсон бололтой.

Номын ивээн тэтгэгчээр “Тавантолгой транс” ХХК, зөвлөхөөр Б.Цогзаяабаатар, гэрэл зурагчинаар Ж.Гал-Эрдэнэ ажилласан байна.