Тэднийг “Өөр хүмүүс” гэж хардаг. Тэд бол ижил хүйстэн, трансжендер. Гэхдээ тэд үргэлж л энгийн нэгэн байхыг хүссээр ирсэн болов уу. 

Бидний өнөөдрийн зочин бол Т.Юна. Ихэнх хүмүүс түүнийг гей мисс Энхриймаа гэвэл таних байх. Гей мисс Энхриймаа гэдэг бол зүгээр л олонд танигдахын тулд бүтээсэн түүний жижиг дүр байсан гэдэг. Гэхдээ Нидерландын нийслэл Амстердам хотноо амьдарч байгаа түүнтэй ярилцлаа.

-Хилийн дээс алхаад хэдэн жилийг үдэв ээ?

-Таван жил болжээ. Энэ хугацаанд олон ч зүйл үзэж харлаа, сурлаа, ухаарлаа. Цаг хугацаа хүнд ихийг заадаг юм байна.

-Амстердамд ямар ажил хийж, хэрхэн амьдарч байна вэ?

-Маш их зүйл хийж, бүтээхийг хүсч тэмүүлэн амьдарч байна даа. Шинэ улс оронд ирмэгцээ мэдээж бүхнийг шинээр эхлүүлэх шаардлага гарч ирсэн. Наанадаж л энэ улсынхаа төрөлх хэлийг өндөр түвшинд сурч байж цаашид их, дээд сургуульд суралцах эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж бололцоо бүрдэнэ. Ялангуяа миний хувьд энд сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэвэл нидерланд хэлийг эх хэлнийхээ хэмжээнд эзэмшсэн эсэх нь хамгийн эхний бөгөөд хамгийн гол шалгуур болно. Тиймээс хэл сурахын хажуугаар өөрийнхөө бусад авьяас чадварыг нээх гээд гар хумхиж суусангүй ээ. Би багаасаа л зураг зурах дуртай хүүхэд байсан ч нэг их хөгжүүлэлгүй орхисон юм. Харин тэр сонирхолдоо үндэслэн make-up artist болохоор шийдсэн. Хичээл маань ирэх сард эхлэх гэж байна. Мөн гэрэл зураг авах хоббигоо улам хөгжүүлж, өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр олон зүйл хийлээ. Мянган үгээр илэрхийлэх санааг ганцхан гэрэл зургаар харуулж болно гэдэг дээ. Вэбсайттай хүртэл болсон. Дотоод ертөнцөө зөвхөн бичиж бус, мөн гэрэл зургаар дамжуулан бусадтай хуваалцах нь сонирхолтой санагддаг.

Түүнчлэн Амстердамын загварын  долоо хоног дээр ажиллах гэрээ байгуулж өнгөрсөн өвөл, зун болсон шоунуудын  зохион байгуулалтын албанд ажиллалаа. Хажуугаар нь өөрийнхөө моделийн карьерт ч анхаарал хандуулж янз бүрийн зураг авалтуудад оролцож үзлээ. Энэ мэтээр тоочвол өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан, одоо ч хуримтлуулж байгаа туршлага их байна.

-Нидерланд улс ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалдаг гэдгээрээ алдартай байх аа?

-Нидерланд улсад хүн угаасаа өндөр, нам, хар, шар, гей, лесби, эрэгтэй, эмэгтэй гээд хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, хийж чаддаг зүйлтэй л байх юм бол өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх бололцоо нээлттэй. Юм хийж чаддаг хүнийг л энд үнэлнэ, хүндэлнэ.  

-Мэдээж эх орон, хайртай бүхнээсээ хол хэцүү зүйл олон л байсан байх?

-Хүнд хэцүү санагдах үе зөндөө л байдаг. Гэхдээ нэгэнт урдаа тавьсан зорилготой л бол хүнд хэцүүгээс гарах гарц үргэлж байж байдаг шүү дээ. Ямар ч зорилгогүй амьдралыг амьдрал гэхэд, зорилгогүй амьдардаг хүмүүсийг амьдарч байна гэхэд бэрх.

- Мэдээж ямар байдалд ороод Нидерланд руу цагаачилсаныг хүмүүс мэдэж байгаа. Монголд амьдрахад үнэхээр хэцүү байсан уу?

-Дээр хэлсэнчлэн хүний ижил хүйстэн байна уу, үгүй юу гэдэг нь энд чухал биш. Харин хийж чадах зүйлтэй юу, хүнд үзүүлж харуулах авьяас, нийгэм, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хэмжээний чадвар байна уу гэдэг л чухал. Тэртээ тэргүй ЛГБТ /лесби, гей, бисекс, трансжендэр/ хүмүүсийн ил тод байх, гэрлэх эрх хуулиараа баталгаажчихсан улс. Хүн бүр тэгш эрхтэй. Трансжендэр эмэгтэйчүүдийн хувьд гэхэд л заавал хүйс солих мэс засалд орохгүйгээр бичиг баримт дээрхи хүйсээ эмэгтэй болгон өөрчилж болох хуулийн нэмэлт өөрчлөлт энэ оны долдугаар сараас хэрэгжээд эхэлсэн байгаа. Гэтэл Монголд бүх юм эсэргээрээ шүү дээ.

Нийгэмд байр суурьтай хүн болъё, суръя, өөрийгөө боловсруулъя гэвэл энэ улсад бүх боломж байна. Өөрөө өөртөө эзэн болоод явчихаж чадахгүй байгаа хүмүүс хар тамхи, архидалт, биеэ үнэлэлтийн бараан ертөнцөд живээд алга болж байгаа жишээ ч энд олон. Сонголт хувь хүний өөрийнх нь гарт л байдаг. Монголчууд бид эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг. Ер нь хэн хичээл зүтгэл гаргаж байгаа нь л хождог шүү дээ, амьдралд.

-Монголын ижил хүйстэн залуусын талаар мэдээлэл хэр зэрэг авч байна?

-Нэг их мэдээлэлтэй байдаггүй ч нийгмийн сэтгэхүйд олон эерэг өөрчлөлт орж байгаа нь ажиглагддаг.

-Магадгүй өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэхгүй төөрч яваа нэгэнд хандаж юуг хэлэх вэ?

-Хүн өөрөөрөө байна гэдэг нь гэмт хэрэг биш. Тиймээс хэн бэ гэдгээсээ ичиж, нуугдах шаардлага байхгүй.

-Тайра Банксын шоугаар трансжендер бүсгүй орсон. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Ер нь Lea T, Andreija Pejic гэх мэт олон трансжендэр моделиуд байдаг. Дэлхийн загварын ертөнцөд трансжендэр, гей, лесби байх нь сонин зүйл байхаа болиод удсан.

-Нэг хэсэг фото мисс хийсэн байх аа.Энэ чиглэлээрээ явах сонирхол байгаа юу?

-Моделийн чиглэлээр ажилласан туршлага бий. Гэхдээ цаашид сурч боловсрох тал дээрээ илүү анхаарч байгаа болохоор тэр бүхнийхээ хажуугаар сонирхлоороо л хааяа зураг авалт энэ тэрд оролцоод явах бодолтой байна.

-Ганбууш хүйсээ солиулж Ган-Од болсон. Юу гэж бодож байна?

-Хүн өөрөө л хүсээд зорьвол болж бүтдэг, мөрөөдөл биелдэг гэдгийн жишээ. Ганбуушаар бахархсан.

-Хүйсээ солиулахад эр бэлэг эрхтнээр нь эм бэлэг эрхтэн хийдэг гэж байсан. Өөрт байгаа мэдээллээсээ хуваалцаач?

-Тийм ээ. Одоо энэ цаг үед интернэтээс олдохгүй мэдээлэл гэж байхгүй болсон байна.  Сонирхож байгаа хэн ч байсан жишээ нь youtube дээрээс хүйс солих мэс засал хийж буй үйл явцыг тов тодорхой үзэж болно. Мэдээллийн эрин зууны давуу тал үнэхээр их байна шүү дээ.

-Ганбууш өөрийгөө жирэмслэх боломжтой гээд байгаа?

-Шинжлэх ухаан хүнд хүүхэд тээх сав суулгах хэмжээнд хүртлээ хөгжчихсөн юм бол эмэгтэйчүүдийн дунд үргүйдлийн асуудал гэж лав байхгүй байх байсан биз ээ. 

-Найз залуутай болсон уу?

-Тийм ээ, найз залуутай.

-Ямар залуучууд таалагддаг вэ?

-Би найз залуутайгаа танилцаад жил гаруй болж байгаа. Эмэгтэй хүнд ер нь царайлаг, гоё биетэй залуу гэхээсээ илүү өөрийг нь ойлгодог, хамгийн гол нь сонсож чаддаг, сэтгэлээ хуваалцдаг тийм эр хүн л хань болдог юм байна.

-Эмэгтэй хүн ямар байвал гоё гэж боддог вэ?

-Атаархуу, бас бусад эмэгтэйчүүдийг муулдаг эмэгтэй хүнд дургүй. Аливаад зөөлөн ханддаг, уучилж, хайрлаж чаддаг байх нь эмэгтэй хүн байхын нэгэн утга учир юм билээ.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Хүн бүрт хүн болж төрөх хувь тавилан тэнцүү заяасан. Хүн өөрийн амьдралаа яаж өнгөрүүлэх нь тухайн хүний л эрх. Тэртээ тэргүй бид бүгдээрээ л ирсэн шигээ буцна. Тиймээс хүмүүс нэгнийхээ амьдралд хэтэрхий хошуу дүрэхээ, яаж амьдрахыг нь зааж, шүүж, хүний өмнөөс өөрийгөө зовоож суудгаа багасгавал арай гэгээтэй амьдрах болов уу.